П.Түвшинтөр:“Мазаалай” хиймэл дагуул хоногт дэлхийг 3-4 удаа тойрно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
dogsom@montsame.mn
2017-06-16 16:26:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сансар огторгуй хэмээх гайхам, нууцлаг ертөнц хүн төрөлхтөний сонирхлыг байнга даллан татсаар ирсэн билээ. Тиймээс ч 36 жилийн өмнө монгол хүн сансарт анх дүүлэн нисэхэд Монгол орон даяар баяр бахдал болж байлаа. Тэгвэл, Монголын сансар судлалын түүхийг зузаалсан нэгэн чухал үйл явдал энэ сарын дөрвөнд тохиосон нь монгол эрдэмтэн залуусын бүтээсэн, манай улсын анхны хиймэл дагуулыг хөөргөсөн явдал байв. Тус хиймэл дагуулыг хөөргөх ажлын хэсгийн гишүүн, МУИС-ийн багш Пэрэнлэйн Түвшинтөртэй “Мазаалай” хиймэл дагуулын тухай ярилцлаа.
 
-"Мазаалай” хэмээн монгол бичгээр “тамгалсан”  Монголын анхны хиймэл дагуулыгАНУ-ын Флорида мужийн, Кеннеди сансрын төвөөс 6 дугаар сарын 4-нд “Фалкон” пуужингаар хөөргөсөн. Энэ бол манай эрдэмтэн залуусын судалгааны үр шимээр бүтсэн бахархалт үйл явдал. Хиймэл дагуулаасаа хэзээ мэдээлэл авч эхлэх вэ?

-АНУ-аас хөөрдөг тэр пуужингаар Олон улсын хиймэл дагуулуудын тоног төхөөрөмж, сансарт ажиллаж байгаа хүмүүсийн хоол хүнс зэрэг янз бүрийн ачааг тээвэрлэсэн.Тэгэхээр манай хиймэл дагуул бусад ачааны адил тээвэрлэгдээд, одоо Олон улсын сансрын том станцад  хүрч очсон.  Ер нь “JAXA” буюу Японы сансрын агентлагийн шугамаар манай хиймэл дагуул явж байгаа шүү дээ.Тиймээс олон улсын сансрын станцад “JAXA”-ийн ачаа тээвэртэй байршиж байгаад, тусгай робот гараар задгай сансарт шидэгдэх юм. Барагцаагаар, 7 дугаар сарын эхээр робот гараар шидэгдэж, дэлхийн тойрог замд орно. Тэр үеэс МУИС-ийн шинэ номын сан дээр суурилуулсан газрын станцаар дамжуулан мэдээлэл авч, буцаан хиймэл дагуул руугаа мэдээлэл дамжуулж эхэлнэ.

-“Мазаалай” хиймэл дагуулаас ямар,ямар мэдээлэл хүлээн авах вэ?

-Бидний эхний зорилго бол, Монгол Улсын анхны хиймэл дагуулыг хөөргөх байсан. Энэ зорилгынхоо хүрээнд, сансрын технологиос суралцаж, өөрсдийн гэсэн хиймэл дагуултай боллоо. Хүний нөөцөө бэлдэж байна.
Хиймэл дагуул маань зургаан даалгавар гүйцэтгэнэ. Хоёр нь хэрэглээний даалгавар, дөрөв нь Шинжлэх ухааны туршилт шинжлэгээ байх юм.
Хэрэглээний даалгавар нь, сансраас Монгол улсын газрын зургийг 100 метрийн нарийвчлалтай авах, хоёр дахь нь, тодорхой радио давтамжаас Төрийн дууллаа сонсох, эндээс радио долгионоор бас мэдээлэл явуулах юм.

-Энэ туршилт нь ямар ашиг тустай байх вэ, арай тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Жишээ нь, Цагдаа нар хоорондоо богино долгионы станцаар харилцдаг шүү дээ. Тэр бол тодорхой давтамж дээр тааруулж байгаад, мэдээлэл дамжуулан харилцаж байгаа гэсэн үг. Түүнтэй адил, хиймэл дагуул маань тодорхой давтамж дээр дууны долгион явуулна.Түүнийг нь бид ашиглаад, сансраас улсынхаа Төрийн дууллыг дамжуулах юм. Тэгэхээр радио долгион хүлээн авдаг станцтай хүн бүр Монгол орны хаанаас ч тэр долгион дээр нь тааруулчихаад, сансраас илгээх  Төрийн дууллаа сонсох боломжтой. Энэ нь яваандаа ямар ашигтай вэ гэхээр, сүлжээ ороогүй хөдөө орон нутагт байгалийн гамшиг тохиолдоход,хиймэл дагуулаа ашиглаад мэдээллийг шуурхай дамжуулах боломжтой болох туршилт юм.
Харин хиймэл дагуулаас авсан, Монгол орны газрын зургийг цөлжилт хаана их байна, ойжилт ямар байна, түрүү жилийнхтэй харьцуулахад ямар байна гэх мэтийн судалгаанд зориулах юм.
Шинжлэх ухааны зориулалттай даалгавруудын тухайд бол, манай хиймэл дагуул газрын гадаргаас дээш 400 км өндөрт тойрог замд гарах юм. Тэнд тодорхой хэмжээний агаарын эсэргүүцэл байдаг. Тиймээс тэнд ямар үрэлт үүсч байна, тэр нь тэнд байгаа техник технологийн юмст хэрхэн нөлөөлж байгааг хэмжих юм. Бас сансрын туяаг судалж хэмжин, энэ талын мэдээллийн санг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. 
Мөн Тайланд, Тайвань улс газрын станцаараа дамжуулж, манай улстай адил “Birds” төслөөр хиймэл дагуулаа хөөргөсөн таван улсын хиймэл дагуулаас мэдээлэл авч байх юм. Тэдгээр улс сансарт бас янз бүрийн туршилт хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ганц өөрийн хиймэл дагуулын мэдээллийг биш,  7 улстай мэдээлэл солилцох боломжтой болж байгаа юм.

-Манай “Мазаалай” хааш хаашаа 10 см л гэсэн. Ер нь дэлхийн тойрог замд эргэж байгаа хамгийн том хиймэл дагуул нь ямар хэмжээтэй вэ?

-Үүрэг, зорилго, даалгавраасаа хамаараад, хөл бөмбөгийн талбайн чинээ тийм том хиймэл дагуул ч  байна. Манайх шиг кубсат ангиллын, жижиг хиймэл  дагуул ч бий.10 тонн хэмжээтэй тийм том хиймэл дагуулыг хийхэд 10-20 жилийн судалгаа шаарддаг. Тэгэхээр, нэг хүн амьдралынхаа туршид зөвхөн хиймэл дагуул хийе гэвэл, тийм том хэмжээтэй хиймэл дагуул хоёрыг л хийх бололцоотой. Жижиг хиймэл дагуулаа манайхан бүтээхдээ, хоёр жил судалгаа хийгээд, хөгжүүлээд, хөөргөх хэмжээнд хүрлээ. Тэгэхээр энэ хоёр маш ялгаатай байгаа биз дээ.
Ер нь бол, жижиг хиймэл дагуулыг маш богино хугацаанд хийгээд хөөргөдөг  болохоор эрсдэл байдаг ч,зардал багатай, дараагийн дэвшилтэд технологийг  туршиж, богино хугацаанд үр дүнг нь харах боломж олгодог. Том хиймэл дагуул бол, 20-иод жил судалж, алдаа оноо бүх зүйл нь туршигдсаны эцэст ашигладаг тул эрсдэл багатай ч, нэг эрсдэл гарвал маш их хөрөнгө, цаг хугацааны алдагдал учирдаг. 
Тэгэхээр бид жижгээс эхэлж байгаа нь маш богино хугацаанд хиймэл дагуулаа бүтээчихээд,сансрын техник, технологиос суралцаж,  туршиж үзэн, болж байвал дараагийн том том хиймэл дагуулуудыг бүтээх үндэс сууриа тавьж байна гэсэн үг юм.

-Цахим хуудсууд дахь сэтгэгдлүүдээс анзаарахад, жижиг болохоор судалгаа хийх чанар, чадварт нь эргэлзэж чамлах хандлага байсан?

-Хүссэн болгон хиймэл дагуул хийгээд,  чанартай, чанаргүй гаргаад байна гэсэн ойлголт байхгүй л дээ. Жишээ нь,эндээ бид хиймэл дагуул хийчихээд, Японы “JAXA”-д хандан манай хиймэл дагуулыг хөөргөчих гэвэл хүлээн зөвшөөрөхгүй. Хиймэл дагуулыг хүлээж авдаг, шалгадаг, Олон улсад хүлээн зөвшөөрдөг лабораториуд тусдаа байдаг. Японд гэхэд, тийм лаборатори гурав бий. “JAXA” тэр гурван лабораторид туршигдан, батлагдсан хиймэл дагуулыг л хүлээж авч, давхар шалгаад цааш явуулдаг.
Японд хүлээн зөвшөөрөгддөг  тэр гурван лабораторийн нэг нь манай оролцож буй  “Birds” төслийг хэрэгжүүлж байгаа Кюүшү технологийн их сургуульд байдаг. Тэнд нь манай залуус хиймэл дагуулаа бүтээсэн, шалгуулсан.  Манай хиймэл дагуул тэрхүү өндөр шалгууруудыг бүрэн хангаж батлагдсан.

-“Мазаалай” хиймэл дагуулыг гардан бүтээсэн залуус маань тэрхүү Кюүшү их сургуульд мэргэжил дээшлүүлж байгаа юм билээ. Тэднийг хиймэл дагуул бүтээх үүрэгтэй явуулсан байсан уу?

-Үгүй ээ. “1000 инженер” төслөөр,сансрын технологийн судлалд хүний нөөц бэлтгэх зорилгын хүрээнд явцгаасан. Тэнд очоод  байж байхад нь, хиймэл дагуулгүй улсуудын хүний нөөцийг ашиглан, анхны хиймэл дагуулаа хөөргөхөд нь туслъя хэмээн Япончууд гэнэт санаачилж, “Birds” төсөл хэрэгжүүлсэн. Манай залуус оролцох уу хэмээн нааш хандсан. Тэгээд МУИС оролцох шийдвэр гаргасан юм.


-Анх хиймэл дагуулыг АНУ-аас хөөргөсөн гэж мэдээлэл цацагдахад нь Оросуудад яагаад хандаагүй юм бол, илүү хямд байх гэж бодож байсан юм?

-Одоо бол, Хятад, Энэтхэг хиймэл дагуулаа бие дааж хөөргөж байна л даа. Олон улсуудын хамтарсан баг Олон улсын станцад ажиллаж байна. Пуужингаар хөөргөж байгаа ачаануудад зөвхөн Америк, Японых биш, Оростой холбоотой юмс явж л байгаа. Одоо бол, сансар судлалд нэг улс бие даах гэхээс илүү, харьцангуйгаар олон улсын оролцоотой болж байна.  Харин пуужин хөөргөх тухайд, Оросууд түрүүлчихсэн тул голдуу тэдний пуужинг ашиглаж байна л даа.

-Орос дэлхийн анхны хиймэл дагуул “Спутник”-ыг хөөргөснөөс хойш нэгэн жарны дараа манай улс анхны хиймэл дагуулаа хөөргөлөө. Энэ ойн жилдээ багтан хиймэл дагуултай болох зорилго бас байсан уу?

-Ерөнхийдөө, улс бүхэн анхныхаа хиймэл дагуулыг хөөргөх хүсэлтэй байна. Юнескогоос улс болгон нэг тойрог замд орох тодорхой хугацааг гаргасан байдаг. Тэр хугацаа нь хэтэрчихвэл тэр улсыг дараа нь тойрог замд оруулах боломжгүй. Тиймээс тэр хугацаандаа багтааж хиймэл дагуултай болох зорилго тавьсан юм.
Хоёрт, 20 дугаар зуун бол технологи, үйлдвэржилтийн  зуун байлаа гэхэд, 21 дүгээр зууныг дэлхий нийтээрээ сансрын эрин зуун гэж байна. Хүмүүс өөр гариг нээж, тийшээ аялах, сансрын технологийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Тэгэхээр бид үүн рүү хурдан л орж байвал хэрэгтэй юу гэхээс, хүлээж хүлээж бүх юм хөгжсөн хойно оръё гэвэл хэцүү.
Дэлхийд хамгийн анх бүтээсэн тэр хиймэл дагуул ганцхан үүрэг гүйцэтгэж байлаа шүү дээ. Тэр нь  сансарт гараад зөвхөн дохио хүлээн авах л байсан. Тэр үед зөвхөн дохио хүлээн авна гэдэг нь том нээлт, гайхамшиг, агуу үйл явц байлаа.  Одоо бол манай жижиг хиймэл дагуул л гэхэд зургаан даалгавар гүйцэтгэнэ. Тэгэхээр сансрын технологи шал өөр түвшинд очсон байна шүү дээ.

-Маш хямд зардлаар хиймэл дагуул хөөргөлөө гэж мэдээлж байна. Ямар учраас ингэж хэлээд байгаа вэ?

-Анх бол 225 000 ам.доллар хэрэгтэй гэж байсан. Яг хиймэл дагуулаа хийгээд, хөөргөх зардал нь 100 000 ам.доллар болсон. Үүний талыг нь МУИС судалгааны санхүүжилтээсээ, талыг нь У.Хүрэлсүх сайдын дэмжлэгтэйгээр Засгийн газраас гаргасан. Харин хиймэл дагуулаас ирэх мэдээллийг хүлээн авах газрын станцыг байгуулахад 125 000 ам.доллар шаардлагатай гэж байгаад,үүнээс бага зардлаар бид өөрсдөө бүтээсэн. Энэ зардлыг МУИС бас тодорхой хэмжээгээр гаргаж, хандивын аян өрнүүлж байж бүрдүүлсэн.  Тэгээд Японд төслөөр хүний нөөцөө бэлдэж байна. “Мазаалай” хиймэл дагуулыг хийсэн залуусаас гадна,Хокайда зэрэгт газарт хиймэл дагуулын төсөлтэй холбоотойгоор манай зөндөөн залуу сурч байгаа.

- “Мазаалай” хиймэл дагуулыг зургаан сарын дараа тойрог замаас буцаан авах юм байна. Тийм үү?.
-Үгүй ээ. Кубса төрлийн хиймэл дагуулуудын ажиллах хугацаа хамгийн багадаа зургаан сар байдаг.  Гэхдээ бид хиймэл дагуулаа тестлэхэд,12 сар ажиллах боломжтой дүн гарсан. 12 сарын дараа ажиллагаагүй болохоороо,тойрог замд тодорхой хугацаагаар явж байгаад, унаж агаар мандалд ороод шатаад байхгүй болчих юм.
-Сансрын хог хаягдлын тухай ярьдаг болж байна. Үнэхээр асуудал тарихуйц хэмжээний хог хаягдалтай болчихоод байна уу. Ер нь нийт хэчнээн хиймэл дагуул дэлхийн тойрогт замд байна вэ?
-Сансрын чиглэлийн судлаачид сансрын хог хаягдалд санаа  зовж эхэлж  байна. Сансрын тойрог замд ажиллагаатай болон ажиллагаагүй болсон 2000-3000 хиймэл дагуул эргэж байна. Тэр олон хиймэл дагуул хоорондоо мөргөлдөх эрсдэл байгаа тул санаа зовж, үүнийг яаж багасгах вэ гээд судалгааны ажлууд тусдаа хийж байна л даа.  Манай хиймэл дагуулын хувьд, жижиг болохоор том хиймэл дагуулуудтай харьцуулахад мөргөлдөх магадлал бага юм.

-Хиймэл дагуулууд ер нь ямархуу хурдтай байдаг юм бэ?

-Манай хиймэл дагуулын хувьд, маш хурдан, бууны сумнаас хурдан эргэнэ. Хоногт дэлхийг дор хаяж гурваас дөрвөн удаа тойрно.Төсөл хэрэгжүүлж байгаа бусад дөрвөн улсынх бас тийм хурдтай тойрно. Тэгэхээр манай улсын дээгүүр хоногт таван орны хиймэл дагуулууд арав гаруй удаа өнгөрнө. Тэр болгонд нь мэдээлэл хүлээн аваад байх боломжтой.

- Үүний урьд, Монгол Улс сансарт хиймэл дагуултай боллоо хэмээн “МОНСАТ”-ын тухай сүр дуулиантай мэдээлж байсан. Өргөн уудам нутаг дэвсгэртэй манай орны хувьд холбооны зориулалтын хиймэл дагуултай болох нь мэдээж том зорилго байх. Тэгэхээр манай бизнес эрхлэгчид одоо эрдэмтэддээ хандаж, энэ чиглэлд хөрөнгө оруулж эхлэх байх?

-Бид өнөө жижгээс эхэлж, сансрын хиймэл дагуулыг хөгжүүлж байна. Яваандаа батлах хамгаалах зориулалтын ч юм уу, холбооны зориулалттай хиймэл дагуул хийх нь хэт ирээдүйн зорилго. “МОНСАТ” бол Монголчууд өөрсдөө хийсэн юм биш шүү дээ.  Харин гадаадынхан хөөргөсөн, сансарт байгаа холбооны зориулалтын хиймэл дагуулын тодорхой сувгийг мөнгө төлөөд худалдан авсан л юм.Үүн шиг манай улсын олон байгууллага гадаадын хиймэл дагуулын сувгийг их үнээр түрээсэлж байна. Манайхан иймэрхүү байдлаар, аль улсын, ямар зориулалттай, ямар холбоо сүлбээтэй хиймэл дагуул байгааг сонирхохгүй зөвхөн хэрэглэгчийн түвшинд хандаж ашиглаад байна л даа.
Бизнесийн байгууллагууд энэ чиглэлд хөрөнгө оруулахад, тодорхой хугацааны дараа шууд ашгаа өгөөд эхлэх тийм юмыг сонирхдог байх. Тиймээс бэлэн байгаа юмыг шууд ашиглаад, ашиг олох нь тэдэнд чухал гэж үзээд байна. Гэтэл шинжлэх ухааны ололт амжилт, бүтээл гэдэг бол өнөөдөр өгсөн хөрөнгө оруулалт маргааш нь шууд ашгаа өгдөг тийм зүйл биш шүү дээ.  
Хэрэв Монгол Улс бодлоготой байгаад, судалгаа шинжилгээнд хөрөнгө оруулах нь  хэтийн ирээдүйд улсдаа хэрэгтэй гэх юм бол Шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэддээ хөрөнгө оруулах хэрэгтэй.  АНУ, Япон тэгэж л ШУ, технологийг хөгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 50, 100 жилийн өмнө хөрөнгө оруулсан судалгааныхаа үрээр өнөөдрийн түвшинд хүрсэн. Богино хугацаанд ашиг олно гээд, бэлэн юмыг шууд ашиглаад байгаа нь Монгол Улс хөгжихөд маш том саад болж байна. Гадны юмыг ашиглаад, өөрсдийнхнөө тоохгүй хаяад л байвал Монгол Улс олон улстай өрсөлдөх хэмжээнд хүрч чадахгүй байх.

-Тэгэхээр, МУИС маань бор зүрхээрээ зүтгэж байна гэж ойлголоо?

-Ерөнхийдөө хиймэл дагуултай улс болгон анхны хиймэл дагуулаа МУИС шиг суурь шинжлэх ухааныг хөгжүүлдэг Их сургуулиасаа хөөргөсөн байдаг. Япон анхны хиймэл дагуулаа Токиогийн Их сургуульд хөгжүүлж хөөргөсөн байх жишээтэй. Тэр нь өргөжсөнөөр, “JAXA” хэмээх агентлаг болж Их сургуулиасаа гарсан байхгүй юу. Бид Олон улсын жишгээр явж байна.

-“Монгол бичиг, Мазаалай маань сансарт нислээ хэмээн” монголчууд та бүгдэд баяр хүргэсэн байна билээ. Үнэхээр “Мазаалай” хэмээх их сайхан нэр өгчээ?


-Манай МУИС-ийн Оюутны холбоо хиймэл дагуулын нэрний тухай уралдаан зарласан. Тэр уралдаанд шалгарсан оюутны өгсөн нэр юм.

-Дашрамд асуухад, сансар судлалд АНУ тэргүүлэх орны нэг. АНУ-ын хиймэл дагуулын мэдээллээр гэж онцолж мэдээлэх нь элбэг байдаг. Тэгэхээр тэдний цэргийн зориулалттай хиймэл дагуулаас авсан мэдээлэл бусдынхаас, тухайлбал, Оросуудынхаас арай л өөр түвшинд хүрсэн гэдэг ойлголт төрөөд байдаг юм?

-Цэргийн зориулалттай хиймэл дагуулын хувьд, АНУ өөрийн хиймэл дагуулаа л ашиглана шүү дээ. Оросууд бас адил өөрийн хиймэл дагуулын мэдээллийг ашиглана. Оросуудын технологи, АНУ-ын технологи ямар байгааг тэд мэдээж бие биеэсээ нууцална шүү дээ.

-Чингисийн онгон хиймэл дагуулын зургаар илрэхгүй байгаа юм чинь ... гэх ярианы тухайд мэргэжлийн хүний тайлбарыг сонсмоор байдаг юм?

-Хиймэл дагуулаар Чингисийн онгоныг олох боломжгүй шүү дээ. Жишээ нь, хиймэл дагуулаас авсан мэдээллээр, энэ ургамал хэдэн наст, ямар төрлийнх вэ гэдгийг одоо л зөвхөн таних түвшинд явж байна шүү дээ. Энэ бол улиас байна,хэдэн настай байна гэдгийг  гаднаас нь хараад таньж чадахгүй юмыг дахин хэмжиж судалдаг, үр дүн гаргадаг юмыг хиймэл дагуулаас авсан зургаар хийж байна. Тиймээс газар дор байгаа юмыг дүрсээр нь Чингис хааны онгон байна гэж тогтоох бол, миний хувьд одоохондоо боломжгүй.

-Амьд амьтан, ургамал гээд бидний нүдэн дээр байгаа юмыг хиймэл дагуулаар судалдаг нь ямар учиртай юм бол?

-Хиймэл дагуулыг одоо тийм түвшний судалгаанд хүртэл ашиглах хэмжээнд болж байна шүү дээ. Одоо манай нэг залуу Хокайдад яг тэр чиглэлээр, амьтан ургамлын зураг авдаг телескоп дээр нь ажиллаж байна. Тэр нь газарт байгаа ургамал хэдэн настай, ямар ургамал, бусдаас юугаараар ялгаатай, хэдэн жил болж байна гэх мэт судалгааг хийж байна. 
Ярилцсан Б.Хандмаа
Холбоотой мэдээ