Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлыг зөвлөлдөж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын 4 дүгээр бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Зүүн хойд Азийн бүх улс оронтой найрсаг харилцаатай орны хувьд тус бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ”-г эхлүүлэх санаачилгыг 2013 онд анх дэвшүүлж байсан. Түүнээс хойш “Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”, “Зүүн хойд Азийн орнуудын хотын дарга нарын чуулга уулзалт”, “Зүүн хойд Азийн Эрчим хүчний хэлхээ холбоо” шинжээчдийн уулзалтыг зохин байгуулсан байв.
Энэ удаагийн бага хурлыг ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн, ГХЯ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн 6 улсаас гадна АНУ, ХБНГУ, Канад, Франц болон НҮБ, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан дотоод, гадаадын нийт 150 гаруй төлөөлөгч, эрдэмтэн судлаач оролцож байна.
Өмнөх гурван удаагийн бага хурлыг академик буюу 2 дугаар сувгийг өргөнөөр ашиглан эрдэмтэн судлаачдыг хамруулсан бол энэ удаад 1,5 дугаар суваг буюу төр засаг болон академик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Бага хурлын хүрээнд “Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын орчны үндсэн өөрчлөлт”, “Хэтийн замнал-Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах нь”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хэлхээ холбооны үр нөлөө”, “Зүүн хойд Ази дахь байгаль орчны аюулгүй байдлын хамтын ажиллагааны үр нөлөө” гэсэн дөрвөн хуралдаан болно.
Өнөөдрийн тухайд эхний хоёр асуудлаарх нэгдсэн хуралдаан болох ба бага хурлын үйл ажиллагаа маргааш салбар хуралдаанаар үргэлжилнэ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал