Хоёр тэрбум юанийн тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-14 18:18:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон.

Иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ хөрөнгийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэв.
Энэ чиглэлээр холбогдох төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болгов.  

1000 айлын орон сууц барьж эхлэх бэлтгэлийг хангажээ

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн зарим  хороонд гэр хорооллыг дахин төлөвлөж 1000 айлын орон сууц, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих бэлтгэл ажлаа хангасныг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Үүнтэй холбогдуулан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад арга хэмжээг нэн даруй авч, гэрээ байгуулан ажлыг нь эхлүүлэхийг сайд Г.Мөнхбаяр, Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил нарт үүрэг болголоо.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн ч төсөл хэрэгжүүлэгчийн буруугаас орон сууцандаа орж чадаагүй, түрээсийн зардлаа авч чадахгүй хохирч байгаа иргэдийг дээрх орон сууцанд түр амьдруулахаар төлөвлөж байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар хот болон томоохон хотуудыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бодлогын хүрээнд барилга байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ”, “Нийслэлд 1000 айлын түр орон сууц барьж ашиглалтад оруулна” гэж тусгасан юм.

Товч мэдээ

-  БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
-  Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэлэлцээд холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
-  Инновацийн үйл ажиллагааг судлах, турших, хөгжүүлэх, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд Засгийн газрын тусгай сангаар дамжуулан гарааны бизнесийг дэмжих талаар УИХ-ын гишүүн Н.Учрал хуулийн төсөл санаачилсан байна. Төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ