Сэлэнгийн шагайчид чансаа өндөр гэдгээ нотолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-14 14:31:51
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2017 оны шагайн харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Спортын бүрэн дунд сургуулийн шигшээ багийн харваачид тэргүүлж, алтан медалийн эзэд болсон төдийгүй харваачид цолоо ахиулсан байна.
Улсын аварга шалгаруулах 27 дахь удаагийн энэхүү тэмцээнд Монгол Улсын 21 аймгаас шалгарсан 84 баг тамирчид оролцож, цэц мэргээ сорьсон байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд оролцох баг тамирчид жил ирэх тутам өсөн нэмэгдэж байгаа нь энэ тэмцээнийг чансаа хэр өргөжиж буйн илрэл ажээ. Ингээд тэмцээний тэргүүн байранд Монгол Улсын үлэмж мэргэн Т.Гантулга ахлагчтай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Спортын бүрэн дунд сургуулийн шигшээ баг аваргалж, 84 багаас тодорч, цэц мэргэнээ гайхуулсан байна. Сэлэнгэ аймгийн шагайчид улсын аваргаас урд нь 10 удаа аваргын алтан медалийг хүртэж байсан түүхтэй. Өнгөрсөн жил тус багийнхан хүрэл медалийн эзэд болж байсан юм. Сэлэнгэ аймгийн тухайд шагайн спортоор улсдаа ихээхэн дээгүүрт ордог чадварлаг тамирчидтай гэдгээрээ онцлогтой. Энэ ч утгаараа улсын аварга багийнхан цолоо ахиулж чадсан амжилттай нутагтаа ирлээ. Тухайлбал харваач С.Алтансүх, н.Энхжаргал нар шинээр Улсын мэргэн цол хүртэж, харваач н.Нямбаяр, О.Наранбаатар, н.Ууганбаяр нар Улсын хошой мэргэн, харваач н.Жигжидсүрэн Улсын дархан мэргэн, н.Лхагвасүрэн Улсын гарамгай мэргэн цолтон болсон байна. Шагайн харвааны баг нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Сэлэнгийн харваачид бүгд улсын цолтон болж, чансаагаа ахиулж байгаа нь энэхүү спорт тус аймагт хэрхэн хөгжиж, байгаагийн илрэл юм. Шагайн спортын түүхэнд энэ жилээс “хатуу мэдүүлэг” гэдэг зүйлийг мөрддөг болсон байна. Энэ нь анхан шатны тэмцээн болох аймгийн аваргын тэмцээндээ эхний гурван байрт шалгарсан баг цаашид Улсын тэмцээнд оролцох эрхтэй болох бөгөөд улмаар улсын наадамдаа багаараа орж харвах эрхтэй болдог болж байгаа гэнэ. Улсдаа аваргалж, цолоо ахиулсан Сэлэнгийн харваачид улсын наадмын бэлтгэлдээ ороод байна.
Энэхүү шагайн харвааны 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-ноос 4-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагджээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ