Япон эрдэмтдийг ЭМЯ-ны “Хүндэт тэмдэг”-ээр шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-06-13 09:47:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийг Япон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран 2019 он хүртэл таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

Тус төслийн ахлах зөвлөх Охара Хироши, зохицуулагч Нода Хироюки нар төсөл хэрэгжиж эхэлснээс хойш манай улсад хоёр жилийн томилолттой ажиллаад нутаг буцаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тэднийг хүлээн авч уулзан, ЭМЯ-ны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Эрүүл мэндийн сайд шагнал гардуулах үеэр, “Монгол Улсын эмнэлгийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход өнгөрсөн хугацаанд идэвх санаачилгатай ажилласныг тань үнэлж энэхүү шагналаар шагнаж байна. Та бүхний эрүүл мэндийн салбарын анхан шатны тусламж үйлчилгээнд, ялангуяа хүүхэд, яаралтай тусламж, гэмтэл, вакцины чиглэлээр оруулсан хувь нэмэр их байсан” гэв.

Харин төслийн Ахлах зөвлөх Охара Хироши хариу талархал илэрхийлж, хэдийгээр томилолтын хугацаа дуусан нутаг буцаж байгаа ч гэсэн цаашид төсөл үргэлжлэх гурван жилийн хугацаанд эхлүүлсэн төслөө амжилттай дуусгаж, Монгол Улсын эмнэлгийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төслийн хүрээнд резидент эмчийг удирдах эмч-багш буюу “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэдэг Японы заах аргын стандарт сургалтыг нэвтрүүлэх, төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийх тогтолцоог боловсронгуй болгох, насанд хүрэгчдийн амилуулах лавшруулсан тусламжийн болон  хүүхдийн амилуулах суурь тусламжийн сургалтыг зохион байгуулах үндэсний чадавхийг бэхжүүлэх  чиглэлээр төлөвлөсөн үйл ажиллагааг хэрэгжүүлээд байгаа юм.

Ж.Болор
Холбоотой мэдээ