Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал Дорноговьд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-12 15:16:20
Завхан/МОНЦАМЭ/.Дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 88 жилийн ойн ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочдын нэг Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, шилдэг бүтээлийн “Алтан өд”-ийн эзэн Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал М.Саруулдалайтай уулзаж МЗЭ-ийн үйл ажиллагааны талаар цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Их яруу найрагчаа дурсан алдаршуулах ёслолын ажиллагаанд оролцож байна. Б.Явуухулан гуай нэгэн үе МЗЭ-ийг удирдаж явсан. Өнөөдөр та Монголын Зохиолчдын эвлэлийн төлөөлөл болж үйл ажиллагаанд оролцож байна. Таны сэтгэгдэл ямар байна вэ?
-Энэ арга хэмжээ их сайхан боллоо. Их найрагчийн маань мэндэлсний ойн ёслол  олон сайхан яруу найрагч уншигчдын уулзалтаар эхэлж Оюуны жимс яруу найргийн наадам ч их сайхан болж өнгөрлөө. Маш олон яруу найрагчид бас Завхан аймгийн сумдын залуу яруу найрагч нар өрсөлдлөө.  Энэ жил МЗЭ-ийн  88 жилийн ой тохиож байгаа. Тэгэхээр Явуухулан гуай Зохиолчдын эвлэлтэйгээ чацуу гэсэн үг. Бид хоёрхон жилийн дараа их зохиолчынхоо 90 жилийн ой мөн МЗЭ-ийн 90 жилийн ойг тэмдэглэхээр ярилцаж тохирлоо. Завхан аймгийн Засаг дарга санал бодлоо хэллээ. Юун түрүүн хоёр жилийн дараа болох Их найрагчийн мэндэлсний 90 жилийн ойн бэлтгэл ажлын талаар ярилцаж хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцлаа. Завхан аймагт Их найрагчаа дурсан санаж ёслол хийх бүрт хур бороо ордог гэж ус нутгийнхан нь бэлгэшээж байна. Б.Явуухулан бол Монголын уянгын яруу найргийн ноён оргил гэж бид хүндэтгэдэг. 88 насны ойн ёслол их сайхан болж өнгөрлөө. МЗЭ-ийн гүйцэтгэх захиралын хувьд энэ сайхан арга хэмжээг санаачлан зохион байгуулсан аймгийн Засаг дарга, ИТХ, Завхан аймгийн утга зохиолын нэгдэл,  Номын сан, Музей, Боролдой номын дэлгүүр гээд олон хүмүүстээ баярласан талархсанаа дахин илэрхийлж байна.
-Энэ арга хэмжээний үеэр болсон томоохон арга хэмжээний нэг бол их найрагчийн төрсөн бууцан дээр очиж яруу найрагчид маань онгод авшиг хүртдэг ёсон. Энэ ёслол таны хувьд их онгодыг хөглөж чадав уу?
-Уншигч зохиолчдын дотно уулзалт их таалагдсан байгаа. Мөн их найрагчийн маань төрсөн нутаг болох Алдархаан сумын Мандаат багийн Ар амны тасархайн бууцан дээр очиход их зохиолчтой ойр очсон мэт болсон шүү. Зохиолчын маань нутгийнхан яруу найрагчдад хүндэтгэл үзүүлж тэнд очсон найрагчдын бүтээлийг шимтэн сонсож суугаа нь үнэхээр бахархмаар байлаа. Яруу найрагч зохиолч бидний гол уншигчид ард түмэн шүү дээ. Тэдэнтэйгээ ойртох их зохиолчийн мэндэлсэн газар очих хамгийн том алхам нь энэ ёслол хүндэтгэл байсан. Миний хувьд Төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдоржийн  нутаг Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Бүрхийн төгөл гэж бууцанд очиж байсан. Алдарт Чойном гэх мэт хүмүүсийн төрсөн бууцан дээр очиж байсан. Энэ удаа их Явуухулан гуайн бууцан дээр анх удаа ирлээ. Би өөрөө Завхан аймагт анх удаа ирж байгаа юм. Арга хэмжээнд оролцсон яруу найрагчид маань найрагчийн бууцан дээр тойрч суугаад шүлэгээ бичээд яг уншигч зохиолчид уулзаж байгаа амьд дугуйлан боллоо. Зохиолчид шүлэгээ яаж бичиж амилуулж буйг уншигчид сонсогчид биш утга зохиол сонирхож байгаа залуучууд, найрагчид хүртэл биенийгээ харах амьд харилцаа үүссэн гэж хэлж болно. Ер нь бол яруу найргийн наадмууд дээр сэдэв өгөөд богино хугацаанд шүлэг бичүүлж уншуулдаг байсан. Харин энд уншигчдынхаа өмнө яруу найрагчид минь өөрсдийн сэтгэлгээний цар хүрээ, онгодоо хөглөж шүлэг бичиж сонордуулсан нь хүмүүст ил амьд харилцааг илүү үзүүлсэн нь энэ арга хэмжээний оргил үе байв. Миний хувьд бас нэг шүлэг бичиж сонордууллаа. Ар амны тасархайн бууцан дээр тэнгэрт шувууд дүүлж салхи  сэрчигнэн, бороо шивэрч хүмүүс хөл нүцгэн гүйлдэх нь үнэхээр л яруу найраг шиг байлаа.    
-Та уншигч зохиолчдын уулзалт дээр дэлхийн утга зохиолч яруу найрагчид Монгол Улсад цугларна гэж их богинохон мэдээлэл өгсөн. Энэ үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Шинэ цагийн утга зохиолыг Нацагдорж үндэслэсэн. Үүнийг  1929 оноос тооцож үзэхэд 88 жил болж байна. Ер нь Монголын утга зохиол гэж ярих юм бол хүннү гийн үеэс эхлээд маш баялаг түүх ярьж болно. 88 жилийн хугацаанд асар нэр хүндтэй Л.Түдэв, С.Удвал зэрэг мундаг хүмүүс удирдаж байсан том байгууллагабол МЗЭ юм. Хуучин тогтолцооны үед зохиолчид гэдэг бол асар нэр хүндтэй байдаг байсан. 1990 оноос зах зээлд шилжсэний  дараа МЗЭ төрөөс санхүүждэггүй гишүүдийнхээ авъяас, хүсэл сонирхол дээр  хамтын хүсэлтээр нийлсэн ТББ болж үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр Монголын Зохиолчдын Эвлэл 1000 гаруй гишүүнтэй. 21 аймагт салбар зөвлөлтэй. Юм болгон даяаршиж байгаа энэ цаг дор бид үйл ажиллагаагаа аль болохоор дэлхийн дайны болгохын тулд их найрагчийнхаа хэлсэн шиг ...Хүлэг минь шүлэг минь чи бид хоёрт  дэлхийн дэвжээ хэрэгтэй... гэж хэлсэн шиг аль болохоор бид дэлхий рүү хандаж байна. Манайхан мэднэ дээ.  Галсан гуайгаас эхлээд Герман хэл дээр бичдэг гээд маш олон зохиолчид маань Бельги, Герман, Франц, АНУ, Хятад, Тайвань гээд монголчууд тархан суурьшсан газар бүрт зохиолчдын эвлэлийн гишүүд олон байна. Авъяаслаг хүмүүс олон байна. Ийм хүмүүс олон байгаа учраас бид 2013 онд АНУ-ын Чикаго хотноо МЗЭ-ийн анхны гадаад дахь салбар буюу Америк дахь Монголчуудын утга зохиолын нийгэмлэгийг байгуулсан.  Энэ цагаас үйл ажиллагаагаа идэвхжүүлээд АМУЗН гээд нэртэй сэтгүүлтэй болж “Хөх цом” нэртэй яруу найргийн наадмыг Америкт хийдэг болсон. Мөн “Тулга” гэж уран уншлагын наадам хийдэг болсон. Гол нь тэнд байгаа бидний үеийн хүмүүсийн үр хүүхдүүд Америкт төрж өссөн тэд нарт Монгол зан заншлаа таниулан сурталчлах, дэлхийд монгол соёлоо сурталчлах ийм ажлуудыг хийж байна.  2017 онд бид Европт салбараа нээлээ. Гадаад дахь хоёр дахь том салбар бол энэ юм. Ганц Франц юмуу Бельги гэж нээж болохгүй байна олон жижиг улсууд болохоор МЗЭ-ийн Европ дахь салбар гэж тамга тэмдгийг нь авч МЗЭ-ийн гишүүн Т.Галсан, н.Галсансүх нар гардуулахаар дөнгөж саяхан явлаа. Иймэрхүү байдлаар МЗЭ-ийн гадаад харилцаа ганц салбар байгуулсанаар бус сонин сэтгүүл гээд олон талаар хөгжиж үйл ажиллагаа өргөжиж байгаа. Энэ жил дэлхийн яруу найрагчдын их хурал манай улсад болох гэж байгаа. Дэлхийн соёл яруу найргийн академи гэж байдаг. Монголын соёл яруу найргийн академи гэж бий. Энэ байгууллагын тэргүүн нь 2015 онд Чингис хааны одон хүртсэн Г.Мэнд-Ооёо гуай ажиллаж байна. Бас Г.Мэнд-Ооёо гуай Дэлхийн соёл яруу найргийн академийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай ажиллаж байна. 2016 онд Г.Мэнд-Ооёо гуай МУСГЗ Ү.Хүрэлбаатар, яруу найрагч болор цомын эзэн н.Моломжамц болон миний бие төлөөлөн Чех улсын Прага хотноо очиж дэлхийн яруу найрагчдын 36 дугаар их хуралд оролцсон. Харин ирэх наймдугаар сарын 17-21 хооронд Монгол Улсад Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал болно. Их хурлыг Дорноговь аймгийн энергийн төв буюу Шамбалын оронд хийхээр товлосон. Одоогийн байдлаар 280-аад хүн бүртгүүлчихээд байна. Энэ их хурлаар олон орны яруу найрагчид ирж шүлэгээ уншдаг ийм сайхан үйл ажиллагаа болно.
-Яагаад заавал говьд зохион байгуулж байгаа юм бол?
-Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаагийн байгуулсан Хамрын хийд буюу Дэмчогийн хийд буй газрыг дэлхийн эрчим хүчний цэг буюу Шамбалын орон гэж үздэг. Энэ нь “оюуны орон” гэсэн үг юм. Хүн өөрийн оюун ухаан, сүнсний тусламжтайгаар Шамбалд зорчиж маш их энерги авах боломжтой хэмээн сургадаг. Энэ сайхан газар нутагт дэлхийн олон орноос ирсэн яруу найрагчдыг урьж зохион байгуулж байгаа нь юун түрүүн оюун их төв хийдийг үзүүлэх, аялал, амралт хосолсон их бүтээлийн онгод хөглөх зорилготой. Ер нь дэлхийн яруу найрагчдын их хурал их сонирхолтой энгийн болдог. Манайхан шиг том анос өлгөөд, эрдэм шинжилгээний юм хийгээд байдаггүй. Тэд ер нь хэлбэрт ач холбогдол өгдөггүй. Жижигхэн ширээн дээр суугаад өөр хоорондоо танилцах, уран бүтээлээ сонсох, сонсгох, их хурал болж буй газрын номын сангаар зочлох хоттой танилцах гээд чөлөөтэй болдог. Гол нь энэ олон орны яруу найрагчид өөрсдөө уулзаж бие биентэйгээ танилцах, улс орон бүрийн уран бүтээлийн чанар, хэв маяг, номын хэвлэлийн чанар, дизайныг судлах, харах, улс үндэстнүүдийн соёл, аялал жуулчлал гээд олон талын мэдлэг, мэдээлэл солилцдог хурал болдог. 2006 онд Монголд анх удаа 26-р их хурлыг Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын ивээл дор зохион байгуулж байсан. Энэ жил Монголын зохиолчдын эвлэл, Монголын Соёл яруу найргийн академ хамтарч зохион байгуулж байна.
-Таны Завхан нутагт анх ирсэн сэтгэгдэл буцах сэтгэгдэл ямар байна вэ?
-Ар халхыг даасан Очирваань хайрханыг хараад үнэхээр залбирсан. Их Явуугийн бууцан дээр би энэ их хайрхантай аавыг дүйж шүлэг бичсэн. Аавыгаа алдаад арван хэдэн жил болж байна. Аавтайгаа дүйцүүлэх хайрхан ч юм уу өөрөө нэг хүндлэх юмтай болоё доо гэж боддог байсан. Очирваань хайрханы энгэрт ирээд мөргөж залбирч сүсэглэлээ. Үнэхээр биширлээ. Мөн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Мухартын гол, Хар нуур, Сэнжит цохиог үзлээ.  Үнэхээр гайхмаар би амьдралдаа тийм газар үзнэ гэж  бодоогүй битүү нурсан элсэн дундаас марлаар шүүж байгаа юм шиг ус урсаад гол болоод урсана гэдэг гайхалтай. Мөн Сэнжит цохио буюу Манзуширын хаалга, Хар нуурыг үзэж биширлээ. Энэ удаагийн Их Явуугийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, Завхан нутаг дахь аялал үнэхээрийн сайхан аялал боллоо. Уран бүтээлийн олз омог ихтэй буцлаа. Удахгүй хоёр жилийн дараа би эргэж ирнэ гэж бодож байна. Сайхан нутаг байна. Энэ наадамд ирсэн олон зохиолч яруу найрагчид энэ сайхан нутгийн тухай уул ус хайрханы тухай ямар гайхалтай санаа өвөрлөөд буцсаныг бид таашгүй.  Нэг жилийн дараа юмуу хэсэг хугацааны дараа уран бүтээл төрдөг. Тэгэхээр олон сайхан уран бүтээл төрөх байх гэж бодож байна. Их найрагчийн ёслол, яруу найргийн баяр, зохиолч уншигчдын уулзалт энэ бүхнийг ийм сайхан зохион байгуулж чин сэтгэлээсээ хандсан, тусалсан бүх хүмүүст  баярласан сэтгэлээ дахин илэрхийлмээр байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ