Э.Макроны нам сонгуульд илт давуу ялалт байгуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-06-12 10:08:32
ПАРИС. /CNN/. Парламентын сонгуулийн эхний шатны дүнгээс харахад Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны шинэ нам үнэмлэхүй ялалт байгуулж байна. 

Ням гарагт болсон сонгуулийн эхний шатанд парламентын доод танхимын 577 суудлыг сонгохоор Францын сонгогчид саналаа өгсөн байна. Францын сонгуулийн хуулиар парламентын доод танхимын бүрэлдэхүүн таван жилд нэг удаа сонгогддог. Энэ сонгууль нь ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болдог гэдгээрээ онцлог юм. Оройн 8 цагт улс орон даяар сонгуулийн ажиллагааг албан ёсоор хаасан бөгөөд одоогоор санал тоолох ажил хараахан дуусаагүй байна. Францын олон нийтийн үндэсний телевиз "France2"-ын мэдээлж байгаагаар “Урагшаа” хэмээх Э.Макроны байгуулсан шинэ нам 430 суудал буюу бүх суудлын 70 гаруй хувийг аваад байгаа юм.  

Францын баруун төвийн Бүгд найрамдах нам 125 суудал, зүүн төвийн үзэлтэй Социалист нам 35 хүртэлх суудлаа алдахаар болоод байгаа юм байна. Марин Ле Пений толгойлсон хэт барууны үзэл баримтлалтай “Үндэсний  фронт” нам 10 суудал авахаар байна. 

Францын парламентын сонгууль нь нэг суудалтай тойргийн системийг ашигладаг юм байна. Францын нутаг дэвсгэрт 539 тойрог, дэлхийн даяар тархсан францын колони улсад 27 тойрог, мөн гадаадад ажиллаж, амьдарч буй францчуудад 11 тойрог тус тус оногджээ. Эдгээр тойргоос тус бүр нэг нэр дэвшигч тодрох учиртай. Сонгуулийн эхний шатанд олонх саналыг авсан нэр дэвшигч сонгуульд шууд ялалтыг байгуулдаг бөгөөд хэрэв нэр дэвшигчдийн хэн нэг нь олонхын саналыг авч чадаагүй тохиолдолд дараагийн сонгуулийг ирэх ням гарагт хийх юм.  Э.Макрон ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшсэн билээ. Харин энэ сонгуулиар тэрбээр өөрийн дэмжигчдийн тогтвортой бааз суурьтай болж чадах эсэх нь анхаарлын төвд байна. 

Х.Сарнай 
Холбоотой мэдээ