Засаг даргын нэрэмжит Волейболын тэмцээн өндөрлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-08 22:47:33
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн “Засаг даргын 2017-2020 үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Спортлог-Дарханчууд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Засаг даргын нэрэмжит 2017 оны насанд хүрэгчдийн Волейболын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн” хоёр хоног үргэлжилж өндөрлөв. Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “Дархан-Элит Хөгжил” ХХК ажиллажээ.
Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа өндөр ур чадвартай шилдэг тамирчдаас дурдвал ОУХ-ний мастер найм, Спортын мастер 20 гаруй нийт 14 багийн 200 гаруй тамирчид оролцлоо. Тэмцээний дүн гарахад тэргүүн байрыг “Дархан Өег” баг эзэлж  “Дархан Элит” баг, “Эрчис тал” баг удаах байр эзлэв. Эмэгтэй багуудаас “Дархан Элит”, “Түмэн буудай”, “Дархан Дулааны сүлжээ”-ний багууд эхний гурван байр эзэллээ. Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат: “Аймгийн Засаг даргын санаачлагаар анх удаа болж байгаа энэхүү тэмцээн нь багийн спортыг дэмжиж уралдаан тэмцээний тоог олшруулж хүүхэд, залуучуудыг волейболын спортоор хичээллэх нөхцөл бололцоогоор хангах зорилгоор зохион байгуулж байгаа бол тус тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгох явуулахаар болж байна” гэв. Дархан-Уул аймгийн волейболчдын дунд ОУХ-ний мастер 9, Монгол Улсын спортын мастер 40 гаруй төрөн гарч 1000 гаруй тамирчид медаль хүртсэн гэсэн тоо баримт байдгийг зохион байгуулагчид нь нээлтийн үеэр онцлов.
                                                                                                                                                                              Б.Норовсамбуу
 
Холбоотой мэдээ