Нэр дэвшигч М.Энхболд өнөөдөр Хэнтий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-07 14:26:42

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотноо ажиллалаа. 

Тэрбээр ирсэн даруйдаа тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зүүн бүсийн Эвт худалдааны төвөөр зочилж, дараа нь Биеийн тамир спортын ордонд иргэд сонгогчидтойгоо уулзалт зохион байгууллаа.

Түүний сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнд Батлан Хамгаалах Яамны сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, УГЗ Ж.Саруулбуян, МУГЖ А.Энхтайван, МУГЖ Л.Баттулга, МУГЖ Н.Ариунболд, "Яг түүн шиг-2017" шоуны ялагч жүжигчин Т.Бархүү зэрэг улс төр, урлаг спортын одод, Хэнтий аймгийн удирдлагууд, хүндэт буурлууд, дунд, залуу үеийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байлаа.

"Эвтэй монгол Ээлтэй төр" уриаг дэвшүүлсэн МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, МАН-ын дарга М.Энхболд сонгогч, дэмжигчиддээ хандаж хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн жилийн сонгуулийн амжилт бол хямралыг ялаарай гэж ард түмнээс бидэнд өгсөн үүрэг даалгавар юм. Унаж уруудаж байсан хямралыг бид аргамжин тогтоож чадлаа. Удахгүй бид хямралаас гарна. Улмаар дахин хямрахгүй байх дархлааг бүрдүүлнэ. Ингэснээр иргэн нь баян, эрүүл саруул, эрдэм боловсролтой, айх аюулгүй Монгол болно. Хүүхэд залуус маань хөгжих орчин, хүсэл мөрөөдлийг нь дэмжих төртэй байх ёстой. Эмэгтэйчүүдээ энэрдэг, ахмадаа асардаг, ядруугаа тэтгэдэг монгол ёсоо дээдэлнэ. Эрүүл саруул, эрдэм боловсролтой монгол хүн л Монгол бахархлыг бүтээж чадна. Тиймээс Монголдоо иргэнээ дээдэлсэн, дэлхийд Монголоо өргөсөн Ерөнхийлөгч байна. Даяаршсан дэлхийд Монгол өөр замаар, ганцаараа явна гэвэл хаа ч хүрэхгүй. Тиймээс хоёр хөрш болон дэлхийн улс түмэнтэй эрх тэгш, найрсаг харилцааг улам хөгжүүлэхийн төлөө зүтгэнэ. Монголын хууль, монголчуудын эрх ашигт нийцэж, шинэ технологи, инновацийг ашиглах, эх байгальд хор хөнөөлгүй аливаа хөтөлбөр, төслийг бүрэн дэмжинэ. Хяналт, шаардлагыг маань биелүүлж, хөгжлийн зорилгод хамтрагч болж буй хэнийг ч бид хөөж туух учиргүй. Тиймээс би гацаах зогсоохыг биш, гарц шийдлийг зөв олдог, Монголын эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг Ерөнхийлөгч байна" гэлээ.

Мөн "Би Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын манаач нь болохоор нэр дэвшиж байна. Төр тогтвортой бол түмэн олон амгалан байна. Төр тогтвортой бол төгрөг ч бас тогтвортой болдог. Төгрөг нь тогтворжихоор түмний амьдрал сайжирдаг. Энгийн бөгөөд гарцаагүй үнэн бол энэ. Миний өрсөлдөгч бол Хямрал хагарал хоёр юм. Хэлэхээс илүү хийх нь, хямралыг давах нь, хагарсныг эвлүүлэх нь өнөөдөр хамгаас чухал байна. Үндэснийхээ өв соёлыг дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийг эрхэмлэдэг, моринд дуртай монгол хүн миний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний учир шалтгаан, зорилго эрмэлзэл энэ билээ. Эвтэй Монгол-Ээлтэй төрийн төлөө эвлэж хамтдаа зүтгэцгээе” хэмээлээ.

  Д.Одонтунгалаг


Холбоотой мэдээ