Авлигатай тэмцэх газрын тусгай утсанд хахуультай холбоотой гомдол ихээр иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-07 11:37:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Авлигатай тэмцэх газрын 1800 1969 тусгай дугаарт  иргэдээс  өргөдөл, гомдол, мэдээлэл байнга ирсээр байна.

Өнгөрсөн долоо хоногт 
 төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой 5, ашиг сонирхлын зөрчилтэй гэх 5 гомдол, мэдээлэл байсан бол гэмт хэргийн шинжтэй 3 гомдол, мэдээлэл шалгуулахаар ирүүлсэн байна.

Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, гааль, газрын харилцаа, кадастртай холбоотой гомдол, мэдээлэл харьцангуй олон иржээ. 
Тухайлбал Нийслэлийн 89, 154, 197-р цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагатай холбоотой, Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь Гаалийн Цагдаагийн албан хаагч, Баянгол, Багахангай дүүргийн газрын албаны албан тушаалтан болон Төв аймгийн Аргалант сум, Хөвсгөл аймгийн Улаан-уул, Говь-Алтай аймгийн Хөх морь, Тонхил сум, Өмнөговь аймгийн Баяндалай, Цогтцэций сумдын төрийн албан хаагчидтай холбоотой гэх гомдол мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, хянан шалгаж байна. 

Иргэд, олон нийт авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг, төрийн байгууллагын хүнд суртлын талаар санал гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг хүсч байна гэж АТГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ