УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын хоёр байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төсөл, “Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын тайлан зэргийг хэлэлцэх юм.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын чиглэлээр 2017 оны Улсын төсөв, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт туссан зорилт, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, стратегийн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын явцын талаархи Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг тус тус сонсохын зэрэгцээ Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонссонтой холбогдуулан байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус тус авч хэлэлцэнэ.
.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төсөл, Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай,
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.
Б.Туул