Гурван сумын Эрүүл мэндийн төв шинэ машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-06 17:26:49
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ихтамир, Өндөр-Улаан, Хангай сумдын Эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн фургон автомашиныг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ сарын 4-ний өдөр гардууллаа.

Архангай аймгийн хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ялангуяа хөдөө орон нутагт, багт түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэхэд зам даваа бэрх, бартаа ихтэй замтай учраас түргэний машины эвдрэл гэмтэл их гардгийг сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нар хэлдэг. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд Хотонт сумаас бусад сумын эрүүл мэндийн төвүүд түргэний шинэ машинтай болсон байгаа юм. 2016 онд 5 шинэ машин Цахир, Төвшрүүлэх, Хашаат, Жаргалант, Эрдэнэмандал сумдад ирсэн бол 2017 он гарсаар долоон фургон машин сумдад иржээ.

Монгол Улсын Засгийн Газраас эрүүл мэндийн салбарт ялангуяа алслагдсан хөдөө орон нутагт яаралтай түргэн тусламжийг хүргэхэд онцгой анхаарч улсын хэмжээний нийт сумдын эрүүл мэндийн төвүүдийн 60 хувьд нь буюу 151 яаралтай түргэн тусламжийн фурган авто машиныг өгөхөд бэлэн болчихсон байгааг сайд А.Цогцэцэг хэлж байлаа.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ