Катартай холбоотой асуудлыг УЕФА-тай хамтран хэлэлцэнэ гэв

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2017-06-06 17:03:09
МОСКВА./TASS/. Германы Хөлбөмбөгийн холбоо /DFB/ Катар улсад үүссэн улс төрийн хямралтай холбоотой нөхцөл байдлыг УЕФА-тай хамтран хэлэлцэнэ гэж DFB-ийн ерөнхийлөгч Райнхард Гриндель хэллээ. Тэрбээр УЕФА-гийн дэд ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг ажээ.

Даваа гарагт АНЭУ, Бахрейн, Саудын Арави, Египет, Йемен, Ливи, Мальдив гэсэн 7 улс терроризмыг
дэмждэг гэж Катарыг буруутган, тус улстай тогтоосон дипломат харилцаагаа таслах шийдвэр гаргасан билээ.

Ноён Р.Гриндель цааш нь хэлэхдээ “үүссэн нөхцөл байдлыг Германы засгийн газартай хамтран хэлэлцэж байна” гэв. “Бид бүс нутагт үүссэн улс төрийн нөхцөл байдлыг Холбооны засгийн газар болон УЕФА-тай хамтран хэлэлцэх болно. Катарт болох ДАШТ хүртэл 5 жилийн хугацаа байна. Энэ хугацаанд бойкот хийнэ гэж сүрдүүлэхгүйгээр улс төрийн шийдлийг олох хэрэгтэй” гэж тэрбээр онцлон дурдлаа.

“Нэг зүйл тов тодорхой байгаа. Юу вэ гэвэл, терроризмыг идэвхтэй дэмждэг улс орнуудад ийм том тэмцээнүүдийг зохион байгуулах ёсгүй гэдгийг хөлбөмбөгт хамаатай бүх хүн хүлээн зөвшөөрөх ёстой” гэж УЕФА-гийн дэд ерөнхийлөгч нэмж хэлсэн байна.

Хөлбөмбөгийн ДАШТ 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18-нд Катар улсын Доха, Лусаиль, Аль-Вакр, Аль-Хор, Аль-Райан, Умм-Салаль, Мадинат-аш-Шамаль гэсэн 7 хотод болно.

Б.Адъяахүү 
Холбоотой мэдээ