УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-06 08:45:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд эхэлж, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төсөл, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийг тус тус хэлэлцэх юм.
 
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга,
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд болох бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай,
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулж байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоол, Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг тус тус сонсох юм.
 
Б.Туул  
Холбоотой мэдээ