Сүхбаатар аймгийн НАМЗХ шинэчлэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-06-03 18:06:52
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны ээлжит бус гуравдугаар чуулган 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр боллоо. Хуралдаанд 13 сумын төлөөлөл 100 гаруй залуус оролцож, холбооны тэргүүн болон тэргүүлэгчдийг шинээр сонгон баталлаа.
Ээлжит хуралдаанд НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Мэндбаяр, аймгийн засаг дарга, МАН-ын дарга З. Энхтөр нар оролцлоо.
“Бид өнгөрсөн сонгуульдаа амжилттай оролцож орон нутагт найман жилийн дараа ялалт авчирсан. Үүнд манай залуучуудын оролцоо маш их байсныг хэлэхэд таатай байна. Залуучууд маань хамгийн гол нь эв нэгдэлтэй, нэг зорилготой байх ёстой. Ингэж байж бид дараа дараагийн ялалтанд хүрнэ. Аймгийн засаг даргын зүгээс ч тэр, намын даргын хувьд ч үргэлж залуучуудтайгаа хамтран ажиллаж,  дэмжих болно...” гэдгээ намын дарга нээлтийн үеэр онцолсон юм.
Харин НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Мэндбаяр хэлэхдээ “Дээд байгууллагын хувьд  орон нутгийн залуус руу чиглэсэн олон ажил, үйл ажиллагаа хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид бодлогын түвшинд залуусаа дэмжих болно. Ялангуяа орон нутгийн залуусыг хөнгөлөлттэй үнээр сургууль, сургалтанд хамруулах, олон нийтийн ажил арга хэмжээнд татан оролцуулах тал дээр түлхүү анхаарч байна. Бид ч та бүхнийг цаг ямагт дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно...” гэв.
Ээлжит ээлжит бус гуравдугаар чуулганаар аймгийн НАМЗХ-ны тэргүүнийг сонгох, тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн, хяналтын хороог шинэчлэн байгуулах ажил явагдсан юм. Ингээд Сүхбаатар аймгийн НАМЗХ-ны даргад М. Дашдорж, Б. Өлзийтогтох нар нэр дэвшсэн. Улмаар шинэ дарга сонгох сонгуульд 149 төлөөлөгч оролцсоноос М. Дашдорж 69, Б. Өлзийтогтох 80 хүний саналч авч, нэр дэвшигч Б. Өлзийтогтох 53,7 хувиар ялалт байгууллаа. Түүний хувьд өөрийн баг бүрэлдэхүүнээ бүрдүүлж 21 тэргүүлэгч, хяналтын хорооны гурван гишүүнийг сонгон төлөөлөгчдөөр батлуулсан юм.
Аймгийн НАМЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ч.Осгонбат шинэ даргад тамга тэмдгийг нь хүлээлгэн өгч, амжилт хүссэн юм. “ Миний хувьд анх чуулганд оролцохоор ирэхдээ нэр дэвшинэ гэж бодож байсангүй. Заалнаас төлөөлөгчид маань миний нэрийг дэвшүүлж, улмаар олонхын итгэлийг хүлээж, сонгогдлоо. Би аймгийн БТСГ-ын даргын үүрэгт ажлыг хашдаг. Гэхдээ нэгэнт залуучууд маань надад итгэл үзүүлсэн учир аль аль ажлаа цалгардуулахгүй, нэр төртэй хаших болно. Миний хувьд нэн тэргүүнд залуучуудын байгууллагынхаа үйл ажиллагааг эрчимжүүлэх ингэхдээ сумдын салбар холбоодыг шинэчлэх, холбооны бүх гишүүдийн нарийвчилсан судалгааг хийг зэрэг ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна. Үүний дараагаар бид удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхтэй оролцож, намынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, цаашлаад ялалт байгуулахад хамтран хүчин зүтгэх болно...” хэмээн аймгийн НАМЗХ-ны дарга Б. Өлзийтогтох хэллээ.
Залуучуудыг нийгмийн идэвхтэй, боловсрол мэдлэгтэй, шинэ залуу үеээ дэмжих хөгжүүлэх үндсэн үүрэг чиглэлтэй ажилладаг тус байгууллагын 20 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Сүхбаатар аймгийн НАМЗХ-ны залуучууд ээлжит чуулганаа ойн баярын арга хэмжээтэйгээ хамтатган хийсэн юм. Чуулган, баярын зохион байгуулалтанд оролцогчид сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ