Санал тоолох төхөөрөмж худалдан авахаар сонирхсон тохиолдлыг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-31 16:29:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбатаас сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг тодруулав.

-Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна? Ямар ямар ажил хийж байна вэ?

-Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох үүрэг бүхий  Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус Ажлын хэсэг сонгогчийн бүртгэлийн программ хангамжийн эх кодыг шалган баталгаажуулж, уг программыг зөөврийн компьютерт суулгах үйл ажиллагаанд хяналт тавих, шалган баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд харьяалах сонгуулийн хороодын үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн багийг байгуулан ажиллуулж байна. Улсын хэмжээнд мэдээллийн технологийн 30 баг ажиллаж байна.
Санал авах байранд автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагаа явуулах, техник, хэрэгслийн  хэвийн ажиллагааг хариуцан хангах үүрэг бүхий нийт 2356 мэдээллийн технологийн даамал ажиллана. Мэдээллийн технологийн баг болон даамлын сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулсан. Санал тоолох төхөөрөмжийн нөөц тэжээл /баттарей/-ийг цэнэглэж дуусаад орон нутагт хүргүүлэхээр ачууллаа. Төхөөрөмжүүдийг баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байна.

-Олон нийтийн зарим сүлжээгээр санал тоолох төхөөрөмжийг худалдан авах оролдлого гарсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монгол Улсын нэг иргэн санал тоолох төхөөрөмжийн үнийн саналыг авахаар холбогдсон тухай “Доминион вөүтинг системс” компанийн зүгээс бидэнд мэдэгдсэн. Тус компани хэдийгээр бизнесийн байгууллага ч гэсэн санал тоолох төхөөрөмжийг Монгол Улсын ямар нэг байгууллага, хувь хүнд худалдахаар бол СЕХ-нд мэдэгдэх үүрэгтэй, энэ дагуу тухайн иргэний мэдээллийг болон өөрсдийн өгсөн хариуг цахим шуудангаар бидэнд ирүүлсэн. Бид дээрх иргэн ямар зорилгоор санал тоолох төхөөрөмжийн талаар судалгаа хийж, үнийн санал авахаар санал тоолох төхөөрөмжийг нийлүүлэгч компанитай холбогдсон болохыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлсэн байгаа. Эдгээр байгууллагууд өөрсдийн ажлын чиглэлээр шалгаж, тогтоох ажиллагаа явуулж байгаа гэсэн.

-Бас саналын хуудасны загвар хэвлэж өгөөч гэж хэвлэх үйлдвэрүүдэд хандсан явдал гарсан гэж сонссон. Хэрэв ийм үйлдэл гарвал ямар арга хэмжээ авдаг вэ?

-Аливаа этгээд санал тоолох төхөөрөмж, сонгогчийн бүртгэлийн иж бүрдэл, саналын хуудастай холбоотой ийм үйлдэл гаргахыг завдсан, гаргах оролдлого хийж байгаа нь тогтоогдвол тагнуул, цагдаагийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу хуульд заасан хатуу хариуцлага тооцох ёстой. Ер нь санал тоолох төхөөрөмжүүд төрийн тусгай хамгаалалтад байдаг, санал авах байранд хүргэхэд тагнуулын байгууллагын хяналтанд цагдаагийн хамгаалалттай хүргэгддэг. Санал авах байр нь мөн цагдаагийн хамгаалалтад байдаг.
Сонгуулийн байгууллагууд, тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон хуулиар үүрэг хүлээсэн бүх байгууллагууд хариуцлагатай, анхааралтай, сонор сэрэмжтэй, идэвх санаачлагатай ажиллаж сонгуулийг хуулийн дагуу шударга, зөв зохион байгуулах ёстой.
Н.Туяа

Холбоотой мэдээ