Өлзийтийн Буянт баг жи мобайлийн сүлжээтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 10:02:42

Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт баг жи мобайлын үүрэн телефоны сүлжээтэй боллоо. Буянт багт Өлзийт сумын хүн амын 31 хувь нь аж төрдөг, 230 гаруй малчин өрхтэй, сумын газар нутгийн 33 хувийг эзэлдэг Дундговь аймгийн хөдөөгийн томоохон багуудын нэг юм.

Тус багийн иргэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр үүрэн телефоны сүлжээтэй болох тухай санал хэлж, энэ санал нь дээгүүрт эрэмбэлэгдэн дэмжигдсэн байна. Нийт 106 сая төгрөгийн өртөгөөр үүрэн телефоны сүлжээний дэд бүтэцийг байгуулж байгаа бөгөөд үүний 46 сая төгрөгийг Жи- Мобайл компани, үлдсэнийг Өлзийт сумын Орон нутгийн хөгжлийн сангаас зарцуулжээ.

Утсаар ярих гэж овоо толгой руу гүйдэг явдал үгүй болж, харилцаа холбооны дэд бүтцээ сайжруулах талаар иргэдийн гаргасан санал ийнхүү бодит ажил болсонд Буянт багийнхан талархалтай байна. Үүрэн телефоны сүлжээний шинэ дэд бүтцийн нээлтийн үйл ажиллагаа маргааш Буян багийн төвд болохоор товлогджээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ