Хиймэл цөөрөм дэх үхсэн загасуудыг цэвэрлэж, ариутгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-26 16:05:00
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн буюу "Мазаалай" паркын хиймэл цөөрөмд олон тооны загас үхэж, ус ихээр бохирдсон байсныг "Баянхонгор тохижилт нийтийн үйлчилгээний ОН-ийн өмчит ХХК" өнгөрөгч өдрүүдэд соруулж цэвэрлэжээ. 
Мөн аймгийн ХХААГ, "Буянт хөөвөр" ХХК нар хамтран 12.000 м кв талбайд олон нийтэд хоргүй бодисоор хиймэл нуурын хана талбайд ариутгал цэвэрлэгээ хийсэн байна.  Ариутгал хийж дуусгаад, нууранд маргааш ус шахах бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид хөрс усны шинжилгээ хийж, бохирдол арилсан гэж дүгнэвэл Мазаалай паркыг ажиллуулж эхлэх аж.

Сонирхуулахад, Мазаалай паркыг “Их Модун” ХХК 2015-2016 оны хооронд 1.9 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьж гүйцэтгэжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн цөөрөмд хэрхэн орсон нь тодорхойгүй загас өсч үржиж, хэд дахин олон болоод байсан нь өвөл хөлдөж үхсэн байна. Урь унахад үхсэн загасны язмаг сэгээр тогтоол цөөрөм дүүрч, эвгүй үнэр танартай болоод байсан аж. Тус байдлыг мэргэжлийн байгууллагаас газар дээр нь шинжилж, "Хөрсний их хэмжээний бохирдол үүссэн, гэдэсний халдварт өвчин гарах бүр тархах нөхцөл байдал бий болжээ" хэмээн дүгнэснээр цэцэрлэгт хүрээлэнг түр хугацаагаар хаагаад байсан юм.
                                                                                                                          Б.Мөнхзул

Холбоотой мэдээ