Гадаадад эмчлүүлдэг гурван төрлийн өвчнийг дотооддоо эмчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-05-24 14:24:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/-т очиж тус эмнэлгийн ажил байдалтай танилцлаа.

Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу тус яамны удирдлагууд гурван багт хуваагдан харъяа төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн ажил байдалтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь хамтран шийдвэрлэж байгаа юм.
Төрийн нарийн бичгийн дарга, тус эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, хүлээгдлийг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангахад  салбарын бодлого шийдвэрийн хүрээнд хийсэн ажил байдалтай танилцав. Мөн УГТЭ-ийн улс орны хэмжээнд үзүүлж байгаа зүрхний мэс засал, тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний ачаалал, тулгамдаж буй асуудал болон тархины харвалт, зүрхний шигдээсийн лавлагаа тусламж үйлчилгээ, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний өнөөгийн байдалтай танилцаж цаашид анхаарч ажиллах чиглэлүүдэд үүрэг өгөв.



Энэ үеэр тус эмнэлгээс улсын хэмжээнд үзүүлдэг өндөр өртөгтэй зүрх, мэдрэл зэрэг 15 чиглэлийн үйл ажиллагаатай танилцаж, зүрхний мэс засал хийж байгаа үйл явцыг сонирхлоо. Сүүлийн жилүүдэд УГТЭ зүрх, мэдрэлийн чиглэлээр гадаадад явах урсгалыг багасгахад анхаарч эмчилгээ, оношлогоондоо 12-13 шинэ арга технологийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Тодруулбал, зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг  нутагшуулан амжилттай ажиллаж 64 хүнд  тусламж үзүүлжээ. Мөн тархины судсан дотуурх мэс заслын тусламжийн олон аргыг нэвтрүүлэн гадаад улсад явах урсгалыг багасгаж Эрүүл мэндийн сайдын гадаад оронд эмчилгээ оношилгоонд илгээх 39 төрлийн өвчний жагсаалтаас гурван өвчнийг хасуулах саналыг ЭМЯ-нд хүргүүлсэн байна.



УГТЭ-ийн зүрх, мэдрэлийн мэс заслын шинэ арга технологиор хийж буй  мэс заслууд нь гадаадад чамгүй өндөр өртөгтэй аж. Харин өнөөдөр тус эмнэлэгт ЭМДС-гаас мэс засалд орж буй хэрэгслийн 75-80 орчим хувийг хөнгөлөн иргэд, эх орондоо маш бага өртгөөр зүрх, мэдрэлийн өртөг өндөр мэс заслыг хийлгэх боломж бүрджээ. Тухайлбал, зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээний зөвхөн мэс заслын зардал гадаадад дунджаар 20-40 мянган ам.доллар бол өнөөдөр Монголдоо 7-8 сая төгрөгөөр эмчлүүлж байна. Мөн тархины судсан дотуурх мэс засал эмчилгээг гадаадад 100 мянган ам.доллараас дээш өртөгтэй хийдэг байхад УГТЭ-т эмчлүүлж буй иргэд дунджаар 10-20 орчим сая төгрөгийг зөвхөн мэс заслын хэрэгслийн үнийн хөнгөлөлтийн журмаар төлж байгаа нь иргэдэд эдийн засгийн их хэмнэлт үзүүлж байгаа юм. Энэ үеэр Харвалтын тасгийн эрхлэгч, их эмч Ж.Ариунаатай уулзаж ярилцсан юм.


 
-Танай эмнэлгээр хэдэн насны, ямар өвчтэй хүмүүс үйлчлүүлж байна вэ?
-Ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь ид хөдөлмөрийн насныхан. Артерийн даралт ихсэлт, судасны хатууралтаас үүдэлтэй зүрх болон тархины харвалттай хүн их ирдэг.
-Ачаалал их байна  уу?                                                
-Хуучин манай мэдрэлийн тасагт харвалттай оношоор жилдээ 500-600 гаруй хүн ирдэг байсан бол одоо 2 дахин их буюу 1200-1300 хүн ирж байгаа. Ачаалал эрс нэмэгдсэн. Манай  эрчимтийн дараах хэсэг буюу харвалтын нэгж нь дэлхийн жишгийн дагуу цус харвалттай өвчтөнд эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлж , тахир дутуу болохоос сэргийлэх, нас баралтыг бууруулахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
 
-Тоног төхөөрөмж хангалттай юу?
-Манайд соронзон оношилгооны аппаратаас бусад нь байна. Мянганы сорилын сангийн санхүүжилтээр бүрэн тоног төхөөрөмжтэй болсон.  Харин одоо /MRI/ эмерайтай болчихвол сайн л байна.
-Танай тасгийн багтаамж, хүчин чадал ямар байна?
-Багтаамжийн хувьд 1985 онд нийслэлийн хүн ам 500 мянга орчим байхад л энэ тасаг ашиглалтад орсон. Өнөөдөр Улаанбаатарт  хүн ам нэг сая хол давсан, улсын хэмжээнийх гэхээр яах аргагүй хүрэлцээ, багтаамж хангалтгүй.



Монголдоо ганц байдаг маш нарийн эмчилгээний тоног төхөөрөмжтэй зүрх судас, мэдрэлийн мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцах үеэр Мэдрэлийн ангиологийн их эмч Н.Баатаржантай уулзаж ярилцсан юм.
-Энэ төхөөрөмж манай улсад ганц байдаг гэсэн үү?  
-Тиймээ, энэ тоног төхөөрөмж Монгол Улсын хэмжээнд манай эмнэлэгт л ганцхан байдаг. 2013 онд Мянганы сорилтын сангийн шугамаар орж ирсэн. Ази тивд 11-12-хон л байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд 200 гаруй ийм аппарат, тоног төхөөрөмж ажилладаг.
-Энд яг ямар мэс ажилбаруудыг хийж байгаа бол ?
-Тус төхөөрөмж дээр тархины судасны мэс ажилбарууд, зүрх, элэг, бөөр, мөчний гээд судсан дотор хийж болох бүх л мэс ажилбар хийгддэг.
-Өдөрт болон жилд хэчнээн хүн энэ төхөөрөмжөөр эмчлүүлж байна?
-Өдөрт дунджаар 15-20 хүн,  2016 онд гэхэд 3200 гаруй хүнд үйлчилсэн. Харин оны эхний 4 сарын байдлаар 1300 хүнд оношилгоо болон эмчилгээ хийгээд байна.
-Мэргэшсэн эмч, мэргэжилтний хүрэлцээ ямар бол?
-Мэргэжилтэй боловсон хүчний хувьд одоогоор мэдрэлийн болон зүрхний албан ёсны лицензтэй тус бүр гурван эмч ажиллаж байгаа. Ачаалал маш их. Эмч нарын хүрэлцээ үнэхээр хангалтгүй. Ирэх зургадугаар сард дараагийн эмч нараа бэлтгэх гэж байна. Бид  өглөө ирээд л орой 21-22 цаг гэж л гардаг. Ажлын цаг гэж байхгүй л болсон гэж болно.

Д.Өлзий
Холбоотой мэдээ