Цусны хавдрын чиглэлээр эмч мэргэжилтнийг бэлтгэхээр тохиролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-05-23 12:42:43
Женев хотод чуулж байгаа Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Эрүүл мэндийн сайд Херманн Грөхе-тэй албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Уулзалтаар Монгол, Герман улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Зөвлөлдөх хуралдааныг жил бүр хоёр талд ээлжлэн хийхээр харилцан санал солилцлоо.

Уулзалтаар хүүхдийн цусны хавдрын оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хяналт, эмнэлгийн дотоод халдвар, зүрхний мэс заслын эмч, сувилагч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, сүрьеэ болон халдварт өвчин, гепатит В, С вирусын оношилгоо, эмчилгээ зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байсныг хоёр тал онцлон тэмдэглэв.

Харин 2013 оноос дээрх үйл ажиллагааны хэрэгжилтийн явц удааширч яамд хоорондын Зөвлөлдөх хуралдаан зохион байгуулагдаагүйд дүгнэлт хийж, дахин сэргээж ажиллах чиглэлээ тодорхойллоо.

Энэ хүрээнд Монголд эмчлэгдэхгүй байгаа хүүхдийн зүрх судасны болон цусны хавдрын чиглэлээр эмч мэргэжилтнийг багаар нь бэлтгэж хамтран ажиллах, “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд тодорхой чиглэлээр хамтарч ажиллахаар харилцан тохиролцов.
Холбоотой мэдээ