УИХ-ын сонгуулийн тухай хууль нь иргэдийн эрхийг зөрчиж байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУИХ-ын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн үзэж МЗХ-ны Хариуцлагын хорооноос Үндсэн хуулийн цэцэд энэ сарын 26-нд өргөдөл гаргасан. Энэ талаар өнөөдөр МЗХ-ноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Үндсэн хуулийн цэцэд МЗХ-г төлөөлж Хариуцлагын хорооны дарга М.Эрдэнэжаргал өргөдөл гаргасан бөгөөд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15 дахь заалт нь Үндсэн Хуулийн холбогдох 7 заалтыг зөрчсөн гэж үзэн өргөдөл гаргасан байна.
Тус өргөдөлд 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Үндсэн хуулийн 14 зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэдгийг үндэслэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15 дахь хэсэг нь бүхэлдээ Үндсэн Хууль зөрчсөн гэж үзэж байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэнд “аливаа этгээд” гэж орсон нь Монгол Улсын нийт иргэнд хамаатуулсан нь Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг, 16 зүйлийн 3, 4, 6, 8, 9, 16, 18 дахь хэсэгт заасан эрхийг хөндөж байгаа гэнэ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “3.1.3. “нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу УИХ-ын гишүүнд нэр дэвшиж бүртгүүлэн УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг” гэж заасан байтал иргэний Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөнд халдахдаа иргэний сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор зөрчиж байгаа тул 35.15-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтээ шийдвэрлүүлэхээр цэцэд өргөдөл гаргасан гэлээ.