Төрийн албан хаагчид “Байгууллагын ногоон менежмент” сургалтад хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2017-05-22 13:27:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар /НХБТГ/, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс /ЦТХОҮХ/ болон Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслөөс хамтран төрийн байгууллагын албан хаагчдад тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлогыг сурталчлан таниулах, тэдний манлайллыг идэвхжүүлэх зорилгоор “Байгууллагын ногоон менежмент”-ийн сургалтыг явуулж байна.
 
Дэлхийн эдийн засгийн форумаас 2017 онд дэлхий дахинд тулгарч буй эрсдэлд цаг агаарын онц аюултай үзэгдэл, улс гүрэн дамжсан томоохон шилжих хөдөлгөөн, байгалийн томоохон гамшиг,  улс том хэмжээний террорист дайралт болон өргөн хүрээнд өгөгдөл залилах, хулгайлах гэж дурдсан байна. Иймээс даян дэлхийгээрээ эдгээр эрсдлийг сөрөх, даван туулах арга боломж, механизмыг тунхаглан, даруй хэрэгжүүлэх саналыг боловсруулан гаргасаар байна.
 
Дэлхийн бусад улс орнуудын адил Монгол улс 2014 онд өөрсдийн тогтвортой хөгжлийн арга замаа “ногоон” хэмээн тодорхойлсон билээ. Ногоон хөгжлийн бодлогын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ногоон эдийн засгийн хөшүүрэг, арга зам болох ногоон менежментийг боловсруулах, нутагшуулах шаардлагатай болж байна. Үүнд эрх зүйн орчин хэдийн бүрдсэн бөгөөд харин зарим аргачлал, арга зүйгээ л боловсруулан ард иргэддээ танилцуулан, ойлгуулж, хамтран хэрэгжүүлэх ажил үлдэж байна. Иймээс энэ сургалт нь “Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг бүх нийтэд хүргэж, хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёлыг дэлгэрүүлэх, байгаль орчны удирдлагын MNS ISO 14001, 14051 стандартыг аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэх” Ногоон хөгжлийн бодлогын стратегийн 5-р зорилтын заалтын хүрээнд хэрэгжиж буй арга хэмжээний нэг хэсэг бөгөөд Ногоон менежментийг нутагшуулж чадвал хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, байгалиас авч хэрэглэж буй нөөцийг ашиглалтыг багасган, ингэснээр экологийн ул мөрийг багасгах бүрэн боломжтой гэдгийг НХБТГ-ийн дарга Т.Булган онцолж байв.
 
ЦТХОҮХ-ийн дарга Ц.Уранчимэг “Энэ сургалтыг бид Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогыг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамгийн их оролцоотой бөгөөд манай яамтай хамтран ажиллаж байгаа 10 яам, агентлагийг сонгон явуулж байгаа. Учир нь төрийн албан хаагчид тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын цогц уялдааны талаар бүрэн ойлголттой болж байж өөрсдийн ажил, иргэдэд үзүүлэх үйлчилгээнд тусгаж, дамжуулж чадна. Түүнчлэн сургалтаар Байгаль орчны удирдлагын тогтолцоог албан байгууллагадаа нэвтрүүлэх арга зам болон хэрэгжүүлэлтийн үр нөлөөний тооцооллын талаар мэдээлэлтэй болж ногоон, тогтвортой амьдралын хэв маягийг өөртөө болон байгууллагадаа төлөвшүүлснээр бусад салбаруудад үлгэр дууриал болох ёстой” гэв.
 
Сургалтыг БОАЖЯ болон ТХБ төслийн даалгавраар Байгаль орчин, тогтвортой хөгжил судлалын төв /БОТХСТ/ зохион байгуулж, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл болон зарим байгууллагын ногоон оффисын үнэлгээнд Отгонтэнгэр Их сургуулийн Эко-клубын оюутнууд оролцов.
 
Байгаль орчны доройтол, нийгмийн өөрчлөлт, эдийн засгийн хурдацтай өсөлтийн үед Тогтвортой хөгжлийн боловсролын асуудал Монгол улсын хувьд нэн чухлаар тавигдаж байгаа өнөө үед тус яамны зүгээс нийгэмд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаар ерөнхий ойлголт өгөхөөс гадна хамгийн гол нь хүмүүсийн ухамсар хандлагыг сайжруулах, үйл ажиллагаа явуулахдаа илүү тогтвортой замаар ханддаг чадавхийг эзэмшүүлэх ажлыг ийнхүү төрийн албан хаагчдаас эхлүүлэн хэрэгжүүлж байгаа юм байна.
 
Уг сургалт энэ сарыг дуустал үргэлжлэх аж. 
Холбоотой мэдээ