Цагдаагийн газраас "Итгэлцлийн гэрээ" байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-22 13:25:02
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас Арвайхээр сумын ИТХ-тай хамтран Иргэн, олон нийтийн зөвлөлийн гишүүдийн уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр Цагдаагийн газар, багийн Засаг дарга, Иргэн-олон нийтийн зөвлөлийн гишүүдийн дунд “Итгэлцлийн гэрээ”-г байгуулсан юм.
“Итгэлцлийн гэрээ”-г байгуулснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оршин суугчид, иргэний нийгмийн байгууллагууд, тэр дундаа сууц өмчлөгчдийн холбоо, сайн дурын иргэдийн хүч дэмжлэгийг авах, нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны уялдаа холбоог нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж Цагдаагийн газрын ОНХ мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Туяацэцэг хэллээ. Иргэдийн оролцоо, эрх бүхий байгууллага, албан тушаалтны дэмжлэгийг авснаар ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох ажилд ахиц гарна гэж үзэж байна.
Уулзалтын үеэр иргэнийхээ үүргийг биелүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гаргаж байгаа иргэдийг шагнан урамшууллаа. Тухайлбал Арвайхээр сумын ИТХ-ын “Хүндэт жуух” бичгээр Арвайхээр сумын 1 дүгээр багийн иргэн Ч.Дашдондог, Арвайхээр сумын ИТХ-ын “Өргөмжлөл”-өөр 7 дугаар багийн иргэн С.Төмөрбаатар, Цагдаагийн газрын “Талархал”-аар 10 дугаар багийн иргэн Г.Пэрлиймаа, 11 дүгээр багийн иргэн М.Дэжид, 7 дугаар багийн Ч.Энхтуяа нарыг тус тус шагнаж урамшуулсан бөгөөд Иргэн-олон нийтийн зөвлөлийн гишүүдийн ажлын хэрэгсэл болгож, хантааз, гар чийдэнг өгчээ.
Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ