Гэр хорооллын дэлгүүрүүд НӨАТ-ын баримт олгохгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-20 22:40:45
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар өнгөрсөн оноос эхлэн худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж бүр иргэдэд төлбөрийн баримт олгохоор болсон боловч Мөрөн сумын гэр хорооллын дэлгүүрүүд иргэдэд баримт олгохгүй байгаа гэнэ.
Энэ тухай аймгийн Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн дарга Л.Гантулгаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн хэмжээнд 860 гаруй дэлгүүр болон худалдааны төв E баримт олгож байна. Гэхдээ энэ нь нийт худалдааны төвийн 50 хувьд ч хүрэхгүй байгаа. Бид эхний ээлжинд бөөний худалдаа эрхлэгч, томоохон супермаркетуудыг кассын машинтай болгосон. Өнгөрсөн 7 хоногоос гэр хорооллын дэлгүүрүүдэд нэн даруй кассын машинаа авч иргэдэд баримт олгох тухай шаардлагыг хүргүүлсэн. Цаашид удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол торгуулийн арга хэмжээг авна” гэдгийг хэлж байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ