Эрдэнэтийн түүхийг бичилцсэн хэвлэл, мэдээллийн анхдагчдын дурсамж нэвтрүүлэг гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 14:55:29

Эрдэнэт хотын “Радио, телевизийн төв”-ийн анхдагчид уулзлаа. 1983 онд Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны программын захиргааны дарга н.Гомбожав Эрдэнэт хотод салбар редакциа байгуулжээ.

Тухайн үед ахлах редактороор Д.Бөхчулуун, найруулагчаар Х.Мишиг, сэтгүүлчээр н.Баярсайхан нар ажиллаж байжээ. Тэд анхны эфирээ 1983 оны нэгдүгээр сарын 31 нд цацсан байна.  Анх гурван хүнтэй байгуулагдаж байсан уг редакци хожим 15 ажилтантай болж “Радио, телевизийн төв” болон өргөжжээ. 1994 оны зургаадугаар сарын дөрвөнд телевизийхээ анхны эфирийг цацаж иргэдийн мэдэх эрхийн төлөө шургуу ажиллаж эхэлсэн байна. Тухайн үед техник, хангамж дулимаг, боловсон хүчин дутмаг байсан ч нийтлэл, нэвтрүүлгийг тогтмол явуулж эрдэнэтийн иргэдийг мэдээллээр хангаж зугаацуулж, цэнгүүлэх үүргээ сайн биелүүлж байсан гэж анхдагчид хэлж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллага нь түүхийг бичилцдэгээрээ бусад салбараас онцлог ялгаатай. Иймд ирэх оны нэгэнд тохиох Эрдэнэт хотын 40 жилийн ойг угтаж хэвлэл, мэдээллийн анхдагчдыг олон нийтэд таниулах зорилгоор “ETV” телевиз дурсамж нэвтрүүлэг хийж эхэлжээ. Дашрамд дурдахад, Орхон аймагт 10 телевиз, 5 сонин, 5 сайт, 4 фм ажиллаж байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ