"Яруу сэтгэе" шүлгийн уралдаанд Завханы хүүхдүүд тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-18 20:05:52
Завхан/МОНЦАМЭ/. Идэр сумын уугуул ахмад багш, АБТА Лутын Лхагважавын нэрэмжит эх хэлний их сорилгын дүн гарлаа.
Энэ жилийн олимпиадыг ерөнхий боловсролын сургуулийн V-ХII ангийн сурагчдын дунд Монгол хэл, Монгол бичиг, Уран зохиолын хичээлийн стандарт, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд, монгол хэл, уран зохиолын багш нарын дунд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг чадварын хүрээнд зохион байгуулжээ. Харин I-V ангийн багш нарын дунд мэргэжлийн онол арга зүйн мэдлэг, чадварын уралдаан,  Х-ХII ангийн сурагчдын дунд Дэлхийн яруу найргийн академийн жинхэнэ  гишүүн, утга зохиолын доктор, зохиолч, яруу найрагч Д.Урианхайн нэрэмжит эсээ бичлэгийн уралдаан, монгол бичгийн зөв цэвэр бичигтэн шалгаруулах уралдааныг олимпиадад оролцсон бүх багш нарын дунд, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очирын нэрэмжит “Яруу сэтгэе” шүлгийн уралдааныг ахлах ангийн хүүхдүүдийн дунд зохион явуулжээ. Олимпиадын монгол хэл уран зохиолын төрөлд тавдугаар ангиас Увс аймгийн Улаангом сумын сурагч Д.Амарзаяа, зургадугаар ангиас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сурагч Б.Энхжин, долдугаар ангиас мөн сумын сурагч А.Өлзийнаран, наймдугаар ангиас Хөвсгөл аймгийн Галт сумын сурагч П.Түмэнзаяа, 9-р ангиас Завханы Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн сурагч П.Балжинням, 10-р ангиас Дундговь аймгийн  Сайнцагаан сумын сурагч Ч.Сумьяасүрэн, 11-р ангиас мөн сумын сурагч Б.Балжинням, 12-р ангиас Завханы Шилүүстэй сумын сурагч С.Дүүриймаа нар тус тус тэргүүн байрыг эзэлжээ.  
Харин эсээ бичлэгийн уралдаанд  Хөвсгөл аймгийн Ирээдүй 21-р сургуулийн сурагч Э.Батцэцэг  тэргүүлж удаах байруудыг Завханы Их-Уул сумын сурагч Б.Баянжавзан, Улиастай сумын ЧЭЛС-ийн сурагч О.Баярмаа, Улиастайн Дэвшил сургуулийн сурагч Н.Энхжин, Завханы Баянтэс сумын сурагч Ч.Оюундарь нар эзэлжээ. “Яруу сэтгэе” шүлгийн уралдаанд Завханы Их-уул сумын сурагч Б.Батцоож тэргүүлж Түдэвтэй сумын сурагч Н.Пүрэв-Очир, Тосонцэнгэл сумын II сургуулийн сурагч Ш.Лхагважаргал нар удааллаа.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ