УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай зэрэг нийт 12 асуудал хэлэлцэхээр товложээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Өнгөрсөн баасан гарагт миний санаачилсан хууль хэлэлцэгдэх байсан ч би эзгүй байж таарсан. Тиймээс Эрдэнэт хотын хаалт хөгжлийн тухай хуулийг өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад эргэж харахаар олон зүйл заалт байна. Ер нь ард түмнээсээ асууж болохгүй юу. Хойшлуулах саналтай байна" гэсэн саналтай байгаагаа хэллээ.
УИХ-ын дарга М.Энхболд, "Өнгөрсөн баасан гарагт О.Баасанхүү гишүүн эзгүй байсан тул хууль санаачлагчийн илтгэл тавиагүйгээс тус хуулийг хэлэлцээгүй. Одоо хэлэлцэх асуудлын дараалалд тус хуулийн төслийг оруулах боломжтой" гэв.
Үүгээр чуулганы хуралдаан дарааллын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлгийг хийж байна.
Б.Туул