Төрийн албаны тухай хуулиар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-15 16:03:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр Төрийн ордонд ээлжит хурлаа хийлээ.

Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилан өргөн бариад буй юм. Тус  хуулиудын төслийг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцээд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийж, гарсан санал дүгнэлтийг хуульд тусгах нь зүйтэй гэж үзлээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын  гишүүдээс санаачилсан шинэчилсэн найруулга нь Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөж байгаа тул эргэж харж, тэрхүү нээлттэй хэлэлцүүлгээр тогтож хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн аж. Мөн хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн 46.2 дахь хэсэгт заасан Төрийн жинхэнэ албан хаагч гэсэн агуулга томъёоллыг  орхигдуулж, журам дүрмээр зохицуулах боломжтой олон зүйлийг хэт хавтгайруулан тусгасан, Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын мэдэлд
/ЗГХЭГ/  шилжүүлэн төвлөрүүлэхээр заасан нь Төрийн албаны зөвлөл,  төрийн алба хаагчийн хараат бус тогтвортой ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж дүгнэжээ.

Тиймээс Ардчилсан намын бүлэг энэ лхагва гарагт Төрийн Албаны зөвлөл болон бусад мэргэжлийн байгууллага, холбоодын оролцоотой тус  хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар болов. 

Б.Туул
Холбоотой мэдээ