Цэцэрлэг хотод 14000 орчим м2 талбайд мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-15 13:09:28
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтээрээ мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж аймгийн хэмжээнд 13 сумын 139 ААНБ-ын 1550 гаруй иргэн 24400 орчим мод тарьсан байна. Тарьсан модны 22300 орчим нь чацаргана, үхрийн нүд, шар хуайс, монос, голт бор, гүйлс зэрэг 13 нэр төрлийн жимсний мод болон бут сөөг тарьжээ. Үлдсэн нь шинэс, гацуур, улиас мод ажээ.

Аймгийн төв Эрдэнэбулган сумын хэмжээнд 70 гаруй ААНБ-ууд 28 саад, хашлага бүхий 14000 орчим м2 талбайд шар хуайс, голт бор, хайлаас гэх мэтчилэн 4788 ширхэг мод, бут, сөөгийг тогоолж тарьсан байна.
Аймгийн төв Цэцэрлэг хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ жилийн мод тарилтыг ихэнхдээ авто замын хажуугийн жижиг саадууд, том талбайтай Барилгачдын болон Минжүүр баатрын талбайнуудад тариалсан байна.

Жилийн жилд мод тарихад өөрсдийн чадлаараа ургаж байгаа нь цөөхөн болж ихэнх нь “борц” болж үлддэг. Энэ байдлыг энэ жилээс халж аймгийн төвд тариалсан моддыг услах арчлах ажлыг Эрдэнэбулган суманд амьдардаг ажилгүй 30 иргэнийг зуны 3 сарын турш гэрээгээр түр ажиллуулж арчлах юм байна. Харин цалин болоод бусад холбогдох зардал нь байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлын сангаас гаргах ажээ.  

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ