Америкийн X-37B нисэх онгоц сансарт юу хийсэн байж таарах вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-12 10:37:24
ЛОНДОН. /ВВС/. Хэдхэн хоногийн өмнө Америкийн тойрог замын X-37B гэдэг нисэх онгоцны хоёр жилийн хугацаанд хийсэн нислэг дуусч, эх дэлхийд бууж ирсэн билээ. Хэдийгээр батлан хамгаалах салбартай холбоотой энэ нууцлаг төслийн талаар олон таамаг яриа байдаг боловч батлагдсан нь тун цөөхөн.

Салбарын шинжээчид болон тухайн салбарт огт хамаагүй хүмүүсийн таамаглаж байгаагаар, X-37B онгоцыг турших ажлын хүрээнд хиймэл дагуулуудыг устгах аргыг боловсруулж байгаа байж магадгүй, эсвэл сансрын тойрог замд шинэ нууц зэвсэг байрлуулах боломжийг судалж байсан бололтой.

Зарим хүмүүсийн бодож байгаагаар, тойрог замын энэ онгоц нь газар дээрх болон сансар дахь янз бүрийн объектууд, тухайлбал Хятадын “Тяньгун” гэдэг тойрог замын станцыг тагнаж байсан байж магадгүй гэнэ.
Харин уг нисэх онгоцыг зохион бүтээсэн БОИНГ корпораци болон Батлан хамгаалах салбарын дэвшилтэт технологийн төвийн аль аль нь дээрх таамгуудад ямар ч тайлбар хийгээгүй эсвэл X-37B нисэх онгоц огт үүрэг гүйцэтгэж байгаа гэж хариулж байсан юм.

Албан ёсны мэдээллээр бол, энэ нисэх онгоц нь Холлын үйлчлэлд үндэслэн ажилладаг ионы хөдөлгүүрийн шинэчилсэн хувилбарыг туршсан бөгөөд энэ мэдээллийг  хөдөлгүүрийг зохион бүтээсэн Aerojet Rocketdyne компани баталсан байна.

Ионы хөдөлгүүрийг 50 орчим жилийн өмнө зохион бүтээсэн учраас шинэ зүйл биш юм. Харин зарчмын хувьд шинэ зүйл бол EMDrive гэдэг цахилгаан соронзон хөдөлгүүр бөгөөд түүнийг  X-37B нисэх онгоцонд туршсан байж магадгүй юм. 2016 оны 11 дүгээр сард НАСА агентлаг энэ хөдөлгүүрийн талаарх тайлангаа нийтэлсэн нь дуулиан тарьж байв. Их Британийн эрдэмтэн Рожер Шойерын зохион бүтээсэн энэ хөдөлгүүр ажиллах боломжгүй гэж өмнө нь үзэж байсан юм. Гэхдээ тойрог замын нисэх онгоцонд уг хөдөлгүүрийг турших талаар НАСА-гийн тайланд огт дурдаагүй байна.

Долоо хоногийн дууссан X-37B-ийн нислэг бол дөрөвдэх удаагийнх юм. X-37 хөтөлбөр нь бүр 1999 онд эхэлсэн бөгөөд анхандаа хиймэл дагуулуудыг засварлах гэх мэт иргэний зориулалттай байжээ. Харин 2004 оноос цэргийн зориулалттай нууц хөтөлбөр болж, түүнийг АНУ-ын Агаарын цэргийн хүчин болон батлан хамгаалахын салбарын тэргүүний технологийн судалгааны агентлаг хариуцах болсон байна. Улмаар төслийн нэрийг Orbital Test Vehicle, OTV буюу Тойрог замын туршилтын аппарат гэж өөрчилжээ.

X-37B бол Зөвлөлтийн үеийн “Буран” хөлгийн дараа гарч ирсэн нисгэгчгүй, автомат горимд ажилладаг хоёрдахь сансрын хөлөг юм.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ