“Улаан эсэргэнэ”-ээр хүүхэд өвчлөх нь ихэсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДАгаар дуслын замаар дамжин халдварладаг “Улаан эсэргэнэ” өвчний тохиолдол 2015 он гарсаар 350 гаруй бүртгэгдсэн байна.
Энэ өвчнөөр 10 хүртэлх насны хүүхэд өвчлөх нь их байгаа талаар ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд онцлон хэлж байгаа юм. “Улаан эсэргэнэ”-ээр өвчилсөн хүүхдийн ам гэмтэж, биеэр нь тууралт өгч, өндөр халуурдаг. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д “Улаан эсэргэнэ” өвчний халдвар авсан 10 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Уг өвчний халдвар авсан бол даруйхан 10-21 хоног эмчийн хяналтад байх шаардлагатай гэдгийг анхааруулж байна. Ханиад томуу ихэсдэг энэ үед “Улаан эсэргэнэ” өвчин агаар дуслын замаар дамжин халдварладаг.
Тодорхой баримт дурдахад, гурван настай охин цэцэрлэгтээ халуурсан байна. Охины ээж яаралтай эмнэлэгт хандан үзүүлэхэд “Улаан эсэргэнэ” өвчний халдвар авсан болох нь тогтоогджээ.
“Улаан эсэргэнэ” өвчний нууц үе дунджаар 2-7 хоног байдаг бөгөөд урьдчилан сэргийлэхийн тулд гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, агааржуулалтыг цаг тутамд 5-15 минут хийж байх, хүүхдийн амыг тамедин, царван, сод гэх мэт цэвэршүүлэх уусмалаар өдөрт 2-3 удаа тогтмол зайлуулах, хүнсэндээ витаминлаг хоол хүнс хэрэглэх, хүүхдэд халуун, бүлээн шингэн ахиухан уулгахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Д.Өлзий