Харь гарагийнхантай хийх анхны уулзалтын талаар өгүүлсэн ном хэвлэгдэн гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-05-10 11:32:44
НЬЮ-ЙОРК./TASS/. Харь гарагийн хүмүүстэй хүн төрөлхтөн холбоо тогтоох тэр үйл явц хэрхэн өрнөх бол? Америкийн квантын физикч Жим аль-Халили саяхан хэвлэгдэн гарсан “Харь гарагийнхан: тэргүүлэх эрдэмтэд харь ертөнцийн эрэлд” /Aliens: The World’s Leading Scientists on the Search for Extraterrestial life/ гэдэг нэртэй номондоо харь гарагийн хорон санаат мангасуудын тухай  гардаг Холливүүдийн “аймшгийн кинонууд”-ыг шүүмжилсэн байна.

Иймэрхүү кинонуудын нэгэнд харь гарагийнхан хүмүүсийг барьж иддэг тухай гардаг ба үүнийг одон орны биологч Луис Дартнелл ямар ч учир утгагүй зүйл гэж үзэж байгаа аж. Учир нь харь гарагийн амьдралын хэлбэр нь биохимийн найрлагаараа Дэлхий дээрх амьтдынхаас эрс өөр гэдэг нь ойлгомжтой зүйл юм, тэгэхээр харь гарагийнхан дэлхий дээрх амин хүчлийг шингээн боловсруулж чадахгүй билээ. Ийм учраас хүмүүс болон харь гарагийнхныг хооронд нь эрлийзжүүлэх боломжгүй юм. Хүнийг шимпанзетай эрлийзжүүлж чадахгүй байгаа юм чинь харь гарагийнхантай эрлийзжүүлэх талаар бодохын ч хэрэггүй. Тийм болохоор иймэрхүү төөрөгдүүлэлт нь огтхон ч байж болшгүй зүйл хэмээн Дартнелл онцлон дурджээ.

Харь гарагийнхан хүнтэй адилгүй гэдэг нь илт тодорхой зүйл юм гэдэгт нейробиологи, нейрофизикийн салбарын мэргэжилтэн Энил Сет итгэлтэй байна. “Харь гарагийнхан болон хүмүүсийн хоорондын ялгаа нь хүн, наймаалж хоёрын ялгаанаас хавьгүй илүү байх болно” хэмээн тэрбээр үзэж байна. Харин сансар судлаач Мартин Риз-ийн баталж байгаагаар, манай гарагийнхан амьдралын органик хэлбэртэй ерөөсөө учрахгүй, харин тандалтын зонд гэх мэтийн харь гарагийн техникүүдийг л олж харах аж.

Харь гарагийнхан ус, металлууд зэрэг дэлхийн байгалийн нөөцүүдийг булаан авна гэсэн цуу яриаг уг номонд үгүйсгэжээ. Энэ нь ямар ч утга учиргүй яриа гэдгийг Дартнелл баталсан байна. Дэлхий дээр ихэнх металлууд дэлхийн гадаргууд бус харин газрын царцдас дотор байдаг, тийм болохоор харь гарагийнхны хувьд металлуудыг дэлхий дээр бус харин жижиг гарагууд дээрээс олборлох нь хавьгүй хялбар. Харин усны хувьд бол Бархасбадь гарагийн мөсөн бүрхүүл нь тэдний хувьд шавхагдашгүй их усны нөөц болж чадна.

Харь гарагийнхан Дэлхий рүү ирэх зорилго нь юу байж болох вэ? Шинжээчдээс энэ талаар асуухад тэд "харь гарагийнхан сониуч зандаа хөтлөгдөөд л ирэх магадлалтай" гэж хариулжээ. “Хэрвээ харь гарагийнхан хэзээ нэгэн цагт Дэлхий дээр ирэх аваас тэд бол Дэлхийн амьдралын тодорхой байдлуудтай танилцах зорилгоор ирсэн амьд бие махбодийг судлаачид, түүхчид, хэл шинжлэлийн мэргэжилтнүүд байх болно” гэж Луис Дартнелл үзэж байгаа ажээ.
О.Барс 

 

 

 


Холбоотой мэдээ