Д.Трамп Холбооны мөрдөх товчооны захирлыг огцруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-10 10:48:03
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ захирал Жеймс Коми-г огцруулжээ.

Д.Трамп өчигдөр буюу мягмар гарагт Ж.Комид илгээсэн захидалдаа “таны ХМТ-ны захирлын алба хаших хугацаа үүгээр дуусгавар болж байна. Таныг огцруулж байна” гэжээ.

Ж.Коми ХМТ-г үр дүнтэй удирдаж чадахгүй байгааг Д.Трамп захидалдаа дурдсан байна.

ХМТ-ны захирал нь 10 жилийн хугацаагаар томилогддог ажээ. Ж.Коми дөрвөн жилийн өмнө тус товчооны захирлаар томилогдсон байна. Тэрбээр олон нийтэд хандан ямар нэгэн мэдэгдэл хараахан хийгээгүй байна.

Ерөнхий прокурор Жефф Сешнс, түүний орлогч Родом Розенштейн нарын Д.Трампт бичсэн захидалтай холбоотойгоор Ж.Комиг халсан бололтой. Тэд Ж.Комиг “хуулийг эрхшээлдээ оруулсан” гэж буруутгажээ.
 
Д.Трамптай ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан хэрэгцээндээ хувийн и-мэйл хаягаа ашиглаж байсан гэх дуулиан шуугианыг мөрдөн шалгахдаа “ноцтой алдаа гаргасан” гэж Жефф Сешнс захидалдаа бичсэн бол Родом Розенштейн “Х.Клинтонд цахим шуудангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг Ж.Коми гаргасан нь Ерөнхий прокурорын газрын яллах дүгнэлт үйлдэх эрхийг булаан авсан хэрэг” гэжээ.

Чухам ямар учраас ерөнхийлөгчийн сонгуульд ялахаас нь хэдэн сарын өмнө болсон цахим шуудангийн хэрэгтэй холбоотойгоор Д.Трамп ХМТ-ны тэргүүнийг халах болсон нь тодорхойгүй байна.

 
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ