Стратосферт хүрч чадах нарны зайгаар ажилладаг онгоцыг туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-05-09 12:02:11
ЖЕНЕВ./TASS/. Агаар мандлын дээд давхаргад /стратосфер/ хүрч чадах нарны зайгаар ажилладаг хөдөлгүүртэй нисэх онгоц 5 дугаар сарын 5-нд Швейцарийн Пайерн хотоос хөөрчээ. Туршилтын нислэг зургаан минут үргэлжилсэн тухай Швейцарийн мэдээллийн агентлаг мэдээллээ.

“Уг нисэх аппарат 250-300 м-ийн өндөрт гарсан” гэж Швейцарийн туршин нисэгч Рафаэль Домжан ярьжээ. Түүний хэлснээр, нислэгийн зорилго нь өндрийн рекорд тогтоох явдал байгаагүй аж. 

Дараагийн нислэгийг ирэх долоо хоногт хийхээр товлосон бол агаар мандлын дээд давхарга руу хийх нислэгийг 2019 онд хийхээр товложээ. Нарны эрчим хүчийг өргөнөөр ашиглахыг дэмждэг Р.Домжан 2010-2012 онуудад нарны зайгаар ажилладаг спортын завиар дэлхийг тойрох аялал хийж байсан юм. Одоо тэрбээр нарны зайгаар ажилладаг хөдөлгүүртэй онгоцоор агаар мандлын дээд давхарга руу нисэхээр бэлтгэж байна.

Нэг хөдөлгүүртэй “SolarStratos” онгоцны жин 450 кг бол урт нь 8,5 м, далавчных нь далайц 24,8 м ажээ. 22 ам.дөр. м талбай бүхий фотоэлементүүд нь нарны гэрлийг эрчим хүч болгон хувиргах аж. Домжаны зорилго бол 24 мянган м-ээс дээш өндөрт хүрэх явдал бөгөөд хэн ч урьд өмнө нь ийм амжилтанд хүрч байгаагүй юм.

Р.Домжаны эх орон нэгтнүүд болох Бертран Пикар, Андре Боршберг нар 2015-2016 онд нарны зайгаар ажилладаг хөдөлгүүртэй нисэх онгоцоор анх удаа дэлхийг тойрсон юм. Тэр хоёрын “Solar Impulse 2” онгоц хэд хэдэн рекорд тогтоосон боловч агаар мандлын дээд давхаргад хүрээгүй билээ. Энэ онгоц нь Р.Домжаны онгоцны ангараас хэдхэн зуун метрийн зайд орших ангар дотор байдаг ажээ.

Эдгээр нисэх аппаратууд нь нарны эрчим хүчнээс тэжээл авдгаараа төстэй боловч гадаад байдал нь огт өөр.  Тухайлбал, “Solar Impulse 2”-ын далавчны далайц нь бараг гурав дахин том юм.

“SolarStratos” онгоц автомат нислэгийн горимд дээд тал нь 24 цаг байж чаддаг ба Пикар, Боршберг нарын онгоцноос гурав дахин илүү өндөрт гарч  чадах ажээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Р.Домжанд 10 сая доллар хэрэгтэй байгаа нь “Solar Impulse 2”-ийн төсөвтэй харьцуулахад даруй 17 дахин бага байгаа юм. Агаар мандлын дээд давхарга руу ниссэнээр нарны хавтангууд нь асар өндөрт хэрхэн ажиллахыг тодорхойлох  ажээ.
О.Барс 

 

Холбоотой мэдээ