Шивээ-Овоог түшиглэн 9240 мВт-ын эрчим хүчний цогцолбор байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-27 12:51:25

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн эрчим хүчний цогцолбор барих асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий төслийн нэгжийг “Эрдэнэс МГЛ” компанийн дэргэд байгуулах шийдвэр гарав.

Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, Шивээ-Овоогийн нүүрсний орд нь нүүрсний баялаг нөөцтэй. Үүнийг түшиглэн эрчим хүчний цогцолбор барих асуудлыг 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн төрийн дээд айлчлалаас хойш ярьж эхэлсэн. Нэг хэсэгтээ зогсонги байдалд орсон уг төслийг эхлүүлэх саналыг 2010 оны 7 дугаар сард Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын талд тавьсан. Ингээд Эрчим хүчний сайдын зүгээс 2014-2015 онд БНХАУ-ын тал хамтран  хэд хэдэн удаа уулзалт хийсний дүнд БНХАУ-ын талаас Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний олборлолтын байдал, Монгол Улсын хууль эрхзүйтэй танилцсан. Ингээд 2015 оны зургадугаар сард тухайн орд газрын усны нөөц, уурхайн олборлолтын байдлыг судлан үзээд жилдээ ордоос 34 сая тонн нүүрс олборлох уурхай, 9240 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, 8 сая кВт цахилгаан дамжуулах шугам барих бололцоотой гэсэн дүгнэлт гаргасан. Одоо ТЭЗҮ боловсруулах ажил эхлээд явж байгаа” хэмээв.

 Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг 170 тэрбум тонн хүртэл нөөцтэй гэсэн судалгаа бий. Нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах, эцсийн бүтээгдэхүүн болгон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэвэл Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох бололцоотой гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ