Нэн ховордсон тоорой модыг Бор овооны энгэрт тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-08 17:05:39
Дундговь/МОНЦАМЭ/ Нэн ховорт тооцогдож, улаан номд бүртгэгдсэн тоорой модыг Дундговь нутгийн хөрсөнд анх удаа суулгалаа. Монгол орны говь цөлийн бүсэд ургадаг ч Дундговь аймгийн нутагт хараахан байдаггүй тоорой модыг нутагтаа тарьж, ургуулах санаачлагыг NAB группын захирал Б. Амарсанаа нарын залуус гаргасан байна.
“Эхний удаад 60 ширхэг тоорой суулгасан. Усалгааг маш сайн хийж өгөх хэрэгтэй байгаа. Хөрсөндөө дасан зохицож, ургалт сайн байвал ирэх жил нэмж тарина” гэж тэрээр хэлсэн. Анхны тооройнууд Мандалговь хотын Соёл амралтын хүрээлэнд ард иргэдийн хүндэтгэдэг Бор овооны энгэрийг эмжин ургана. Модны суулгацыг Өвөрмонголын Алшаа аймгаас авчирчээ.
Алшаа аймгийн Эзнээ хошуунд тооройн томоохон ой бий бөгөөд жилд хэдэн зуун жуулчин тооройн ойд зочилдог байна. Тооройн үндэс газрын гүнд гүн тэлдэг. Ганц тоорой модны үндэс гэхэд хэдэн арван метрийн газар доорхи усыг шингээж чаддаг, энэ хэрээр ган гачиг, хуурайшилт, уур амьсгалын эрс тэс нөхцөлд тэсвэрлэн ургадаг гайхалтай мод гэнэ. Улиасны төрөл зүйлд хамаарч, говь цөлийн элсэрхэг хөрс, мөн уулын хавцал амны булаг шандтай ойр чийглэг орчинд ургадаг байна. Гэхдээ Монгол оронд элбэггүй,  Өмнөговь, Ховд, Говь- Алтай аймгийн нутагт бага хэмжээний талбай эзлэн ургадаг, нэн ховордсон мод ажээ.  
Тоорой мод тарих эл санаачлагыг дэмжиж, Сайнцагаан сумын иргэд мод тарих нүх ухаж тусласан байна. Модны услалтыг Мандалговь хотын тохижилтын алба, БОАЖ хамтран хариуцаж, шинэ төрлийн модыг амь бөхтэй ургахад анхаарал хандуулж ажиллах юм байна.

Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ