Хогон овоолго нурсан хэрэгт холбогдуулан албан тушаалтнуудыг хорих ялаар шийтгэжээ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2017-05-08 09:54:06
БЭЭЖИН. /BBC/. 2015 онд Хятадын Шэньжэнь хотод хогийн цэгийн хогон овоолго нурсны улмаас 73 хүн амиа алдсан билээ. Уг  хэрэгт холбогдуулан 45 хүнийг хорих ялаар шийтгэсэн байна. 

Овоолсон хог хаягдал, барилгын материал гэнэт нурж ойролцоох дүүргийн нутаг дэвсгэрийг хаман авчээ. Энэ хэрэгт холбогдуулан хог хаях газрыг ажиллуулдаг компанийн менежер болон Шэньжэнь хотын захиргааны хэлтсийн даргаар ажилладаг хүнд 20 жилийн хорих ял оноосон байна.  

Ял сонссон хүмүүсээс 20 нь төрийн албан хаагчид юм. Тэднийг эрх мэдлээ урвуулан ашигласан, ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан гэх үндэслэлээр шийтгэсэн байна.   

Нурсан хогийн цэг нь 4 сая шоо.м багтаамжтай, 95 м  хүртэлх өндөрт хогийг овоолох хүчин чадалтай байсан боловч нуралт үүсэх үед хог хаягдлын хэмжээ 5.8 сая шоо.м болж, өндөр нь 160 м-т хүрсэн байсан гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.  

Нурсан хог 50 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний газрыг хамарсан байсан бөгөөд лаг шороог зайлуулахаар 200 гаруй ухагч техник ашигласан байна. Хогон овоолго нурснаас долоо хоногийн дараа тухайн хогийн цэгт зөвшөөрөл олгосон нэгэн албан тушаалтан өндрөөс унаж амиа хорложээ. 
Х.Сарнай 

 
 
 
Холбоотой мэдээ