Эцэг Ле Пен охин нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаануудыг дурдав

Дэлхийд | Улс төр
bars@montsame.mn
2017-05-08 09:05:43
МОСКВА./TASS/. “Үндэсний фронт” намыг үүсгэн байгуулагч Жан-Мари Ле Пен ярихдаа "миний охин Марин евро болон Европын Холбооны талаар хатуу байр суурь баримталж байсны улмаас Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд ялагдлаа" гэж мэдэгджээ.

“Марин Ле Пенийн кампанит ажил нь түүний евро, Европ, тэтгэврийн асуудалд хандах хандлагаас болж нуран унасан. Бид Францын хүн амын бүтцийн өөрчлөлт, цагаачлалын асуудал зэрэг бодит асуудлуудын талаар ярих ёстой” гэж эцэг Ле Пен хэлснийг “Reuters” агентлаг иш татжээ.

Марин Ле Пен сонгуульд ялагдсаны гол буруутан нь Үндэсний фронт намын дэд дарга Флориан Филиппо гэж Жан-Мари Ле Пен цохон нэрлэсэн боловч харин яагаад ингэх үзэх болсон шалтгаанаа дурдсангүй.

“Үндэсний фронт” намын тэргүүн Марин Ле Пен Францад 6 дугаар сард болох парламентын сонгуульд оролцохын тулд эх оронч үзэл баримтлалтай хүчнүүдийн эвсэл байгуулна гэдгээ зарлажээ. Тэрбээр энэ тухайгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны урьдчилсан дүн гарч, “Урагшаа” хөдөлгөөний тэргүүн Эммануэль Макрон сонгогчдын 60 хувийн саналыг авсны дараа мэдэгдсэн байна.
О.Барс 



 

 



Холбоотой мэдээ