Ц.Тойвгоогийн нэрэмжит шатрын тэмцээний бүртгэл эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2017-05-04 16:44:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын шатрын спортын нэр зүтгэлтэн Ц.Тойвгоогийн 100 жилийн ойд зориулсан шатрын тэмцээн энэ сарын 6,7-нд болно.

Тэмцээнийг “Зууны шатар” шатрын клуб, “Оюунлаг үр сад” ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шатарчдын онол, практик, сургалтын үр нөлөөг дээшлүүлэхэд тэмцээний зорилго оршиж байна.

Тэмцээнийг өсвөр үе, ахмад шатарчид, орон нутаг болон нийслэлийн шатрын клубын тамирчид болон 2100 хүртэл рейтингтэй шатарчид гэсэн ангиллаар зохион байгуулах юм.

Академич Ц.Тойвгоо нь хоёр шинжлэх ухааны докторын зэрэгтэй дэлхийн цөөн эрдэмтдийн нэг бөгөөд Монголын шатрын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан аж. Тэрбээр 1956 онд ЗХУ-д болсон шатрын олимпд Монгол Улсын багийг ахлан оролцсон бөгөөд тус тэмцээн монголчуудын анхны олимп байжээ.

Бүртгэл энэ сарын 3-5-нд “Зууны шатар” шатрын клубын байранд явагдаж байна.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ