“Eagles” хамтлагийнхан “Hotel California” зочид буудлыг шүүхэд өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2017-05-03 10:38:52
 

НЬЮ-ЙОРК. /VOA/.  Домогт “The Eagles” хамтлагын гишүүд өөрсдийнх нь дуулсан “Hotel California” гэдэг алдартай дуутай ижил нэртэй Мексикийн нэгэн зочид буудлыг шүүхэд өгчээ.

 

Мексик улсын Бажа Калифорни Сур мужид байдаг 11 өрөө бүхий энэ зочид буудлыг өнгөрсөн даваа гарагт шүүхэд өгсөн аж. Учир нь, буудлын эзэд нь уг зочид буудлыг ямар нэгэн байдлаар “The Eagles” хамтлагтай холбоотой гэх ойлголтыг олон нийтэд байнга өгдөг ажээ. 

 

Тус зочид буудлын эзэд буудал дотроо “Eagles” хамтлагийн “Hotel California” болон бусад дууг тоглуулж байсан бөгөөд зочид буудлаа домог болсон хэмээн сурталчлахын тулд футболк хүртэл зарж байжээ.

 

Лос-Анжелес хотын шүүхэд гаргасан нэхэмжлэлд "зочид буудлын эзэд нь мөн “Hotel California” гэдэг нэрийг АНУ-ын Патент, барааны тэмдгийн газарт бүртгүүлэхийг оролдсон" тухай дурджээ.

 

Уг зочид буудал 1950 онд анх нээгдэхдээ “Hotel California” нэртэй байсан ба дараа нь “Тодос Сантос” гэдэг нэрээр үйл ажиллагаагаа явуулах болсон байна. Харин 2001 онд түүнийг худалдаж авсан канад эзэд нь дахин “Hotel California” болгожээ.

 

“Hotel California” дууг 1976 онд ижил нэртэй цомгийн хамт гаргасан бөгөөд тухайн жилдээ Грэмми”-гийн шагналыг хүртэж байв. Гитар хөгжмийн содон аялгуу, этгээд сонин үгсээрээ ялгардаг энэхүү алдартай дууг Дон Фелдер, Гленн Фрей, Дон Хенли нар зохиосон юм. Фрей 2016 онд 67 насандаа өөд болжээ.

 

Хенли өнгөрсөн онд CBS News-д өгсөн ярилцлагандаа “Энэ дуу бол гэнэн цайлган байж байгаад аяллын явцад туршлага хуримтлуулж байгаа тухай дуу. Харин Калифорни муж улсын тухай дуу биш ээ. Энэ бол Америк орны тухай дуу юм” хэмээн тайлбарлан ярьж байлаа. 
 


 

Х.Сарнай 
 

 

 

 

Холбоотой мэдээ