Р.Амаржаргал: Би бусад нэр дэвшигчидтэйгээ бодлогоор өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намын дотоод санал асуулгад оролцохоор болсноо албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр энэ үеэр "Миний бие өөрийн итгэл үнэмшил болон ардчилсан намын гишүүд дэмжигчдийнхээ захиас даалгавраар Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах нам доторх санал асуулгад оролцох болсноо мэдэгдэж байна. Өнгөрсөн жилүүдэд миний бие УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байлаа. Үүнийг миний гардан байгуулсан Ардчилсан намаас надад хүлээлгэсэн өндөр итгэл, үзэл санаандаа үнэнч Ардчилсан намын мянга мянган гишүүдийн маань нөр их зүтгэлийн үр дүн гэж үздэг. Миний ардчилсан үзэл баримтлал, түүний үнэт зүйлсийг сахин хадгалах, төрийн хар хүний байр суурийг сахих, шударга, зарчимтай улс төрийг тогтоох гэсэн чармайлтыг журмын олон нөхөд төдийгүй жирийн иргэд, сөрөг хүчний улс төрчид хүртэл мэднэ" гэлээ.
Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах нам доторх санал асуулгад олонхийн санал авч, нэр дэвших эрхээ авбал хийж хэрэгжүүлэх хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, улс төрийн өрсөлдөгч хүчний нэр дэвшигчидтэй зөвхөн бодлогоор өрсөлдөж амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна хэмээв.
Б.Туул