Д.Эрдэнэбат: Гадныхны шахалтаар иргэдээ татварын дарамтад оруулж болохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-01 15:11:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хурлаа хийлээ.

Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар мэдээлэл хийсэн юм.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд, "Өнөөдөр татварын нэмэгдэл хэрэгжиж буй өдөр. Мөн ОУВС-ийн асуудал ойлгомжгүй байгаа өдөр. Өөрөөр хэлбэл, цалин, тэтгэвэр нэмэгдээгүй хэвээрээ энэ улс орон хаашаа явах нь тодорхойгүй хамгийн бүрхэг өдөр болж байна. Сангийн сайдыг ОУВС-гийн асуудлаар мэдээлэл өгөхийг урьсан. Гэвч Сангийн сайд орж ирж бодит мэдээлэл өгсөнгүй. Гадныхны шахалтаар иргэдээ татварын дарамтад оруулж, иргэдийн халаасыг тэмтэрч болохгүй гэдгийг бид олон сануулсан. Монгол Улс үндэсний тусгаар улс атлаа асуудлаа дотооддоо зөв шийдэх байтал ойлгомжгүй зүйлийг гадны нөлөөгөөр оруулж ирж байгаа нь харамсалтай.  Бид гадаадын хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж байгаа баяжмалын мөнгийг Монгол банкиар дамжуулах ёстой гэж үзэж байна” гэлээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, “УИХ энэ долоо хоногт  Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулиудыг  хэлэлцэн шийдвэрлэнэ. Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг Зөрчлийн хуультай холбоотой байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Засгийн газраас оруулж ирсэн анхны төсөлд зөрчилд ногдуулах шийтгэлийг “торгох, эрх хасах” хэмээн заасан. Гэтэл ажлын хэсэг эрх баригч нам “баривчлах” шийтгэл оруулж ирсэн. Нийтдээ 11 зөрчилд “баривчлах” шийтгэл оруулж ирсэн байсан. Бид шаардаж, шахаж байж зургаан зөрчлөөс баривчлах шийтгэлийг авахуулж чадлаа. Одоогийн байдлаар дөрвөн зөрчил дээр баривчлах шийтгэл үлдсэн байгаа. Зөрчлийн тухай хууль бол Ардын намынхны хүч  түрсэн байдлаас болж гэмт хэргийн хууль болж хувираад байна. Зөрчлийн хуулиар далимдуулан жирийн иргэдийг хомроглон баривчлах, үндсэн эрхэнд нь халдах бололцоог нээж байна гэж АН-ын бүлэг үзэж байна" гэв.
 
Б.Туул
Холбоотой мэдээ