“Эрүүл мэндийн V олимпиад”-д 60 гаруй сурагч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-01 11:43:43
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт эрүүл мэндийн олимпиадыг 2013 оноос хойш аймгийн Эрүүл мэндийн газраас тасралтгүй зохион байгуулдаг. Энэ жил 5 дахь жилдээ зохиогдсон олимпиадад хөдөөгийн 13 сумын сургууль, аймгийн төвийн 5 сургууль нийт 18 сургуулийн 61 сурагч, 14 сургуулийн эмч оролцжээ.
 
Олимпиад 1000 хүртлэх хүүхэдтэй сургуулиас 8, 10, 11-р ангийн тус бүр 1 сурагч, 1001-ээс дээш хүүхэдтэй сургуулиас 2 хүртлэх сурагч оролцдогоороо онцлогтой. Олимпиад нь ЕБС-д ордог байсан эрүүл мэндийн хичээлийн агуулгаар бэлтгэсэн эмнэлгийн анхан шатны тусламж, эрүүл хооллолт, архи тамхины хэрэглээ, хөдөлгөөн гээд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр асуултуудаа боловсруулжээ.
   
Олимпиадын 11-р ангийн ангилалд 1-р байрыг Цэнхэр сумын сургуулийн сурагч Г.Нямсүрэн, 10-р ангийн ангилалд 1-р байрыг Өндөр-Улаан сумын сургуулийн сурагч Ч.Алтанзул, 8-р ангийн ангилалд 1-р байрыг Цэнхэр сумын сургуулийн сурагч М.Отгонжаргал нар орсон байна. Сургуулийн эмч нарын ангилалд 1-р байрыг Спорт сургуулийн эмч Н.Даариймаа, 2-р байрыг Өндөр-Улаан сумын сургуулийн эмч Г.Эрдэнэчулуун, 3-р байрыг Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн эмч Ж.Мөнхтуяа, тусгай байрыг Цэнхэр сумын сургуулийн эмч н.Хармаганытөгөл нар тус тус эзэлжээ. 
 
Эрүүл мэндийн олимпиад нь эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны чанар, хүртээмжийг сайжруулан, сурагчдын эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх замаар эрүүл амьдралын хэв маягийг хүүхдэд багаас нь төлөвшүүлэх зорилгоор зохиогддог байна.
 
Энэ удаагийн V олимпиадыг Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар хамтран зохион байгуулж, аймгийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн Зөн Монгол Архангай 1, 2 ОНХХ санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ