Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих бололцоогүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-29 17:14:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна.

Тус зөвлөлдөх уулзалтаар 6 сэдвийн тойрсон хэсэгчилсэн болон нэгдсэн хуралдаан болох юм. Үдээс өмнөх хуралдаанаар "УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах нь"  сэдвийг тойрсон хэлэлцүүлэг болсон. Одоо хоёр дахь буюу “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох нь” сэдвийг хэлэлцэж байна. Уг сэдвийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хийсэн.
 

"Тэрбээр танилцуулгадаа, “Өнөөдөр та бидний хэлэлцэх чухал сэдвийн нэг нь “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох” асуудал  юм. Энэ сэдвийн хүрээнд нэгдүгээрт, УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгодог болох, хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасахтай холбогдсон асуудлыг хөндөж ярилцах болно."

 
Олон улсын туршлагаас харахад парламентын бүгд найрамдах улсад төрийн тэргүүн нь гагцхүү улс үндэстнийхээ бүрэн эрхт байдал, эв нэгдлийг илэрхийлэгч байдаг, түүнийг парламентаас сонгодог, Ерөнхийлөгч ихэнхдээ хууль санаачлах эрхгүй, Засгийн газрын өдөр тутмын ажилд тэр бүр оролцоод байдаггүй.
 
Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын дагуу Монгол Улс парламентын засаглалтай улс хэдий ч Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх эрх эдэлдэг, бусад хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэмэгдүүлэх боломж  нээлттэй. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчид гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцох бодит боломжийг олгодог. Иймээс төрийн эрх мэдлийн хуваарилалтыг илүү тодорхой болгох, үндэсний эв нэгдлийг бататгах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг сонгодог парламентын тогтолцоотой улс орнуудын жишигт ойртуулах, төрийн тогтолцоонд эзлэх байр суурийг нь төгөлдөржүүлэх зайлшгүй шаардлагатай юм. Дээрх шаардлага нь Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх гол үндэслэл болсон.
 
Ажлын хэсгээс явуулсан  санал асуулга, фокус бүлгийн ярилцлагын дүнгээс үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөх, эсвэл хумих,  Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй байх эсэх талаар иргэдийн санаа бодол хуваагджээ. 
 

"Энэ сэдвийн нэгдүгээр асуудлын хүрээнд Ерөнхийлөгчийг 4 жилийн хугацаатайгаар сонгодог байсныг 6 жилийн хугацаатайгаар сонгох, ард түмнээс сонгодог байсныг УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох, 1 удаа улируулан сонгодог байсныг зөвхөн 1 удаа сонгохоор өөрчлөх саналыг Үндсэн хуульд тусгах эсэхийг та бүхнээр хэлэлцүүлэхээр оруулж байна."

 
Судлаачид уг асуудалд олон талаас ханддаг.  Тухайлбал, зарим судлаачид Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг уртасгаж,  түүнийг сонгох процессыг өөрчилснөөр улс төрийн тэмцэл, зөрчил арилж, улмаар Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байх нөхцөл хангагдахаас гадна Ерөнхийлөгч улс төрийн хүчнээс ангид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлэх боломж бүрдэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал хэмнэгдэнэ гэж үздэг.
 
Харин зарим нь дээрх өөрчлөлтийг  ард түмэн дэмжих магадлал бага, дахин сонгогдохгүй Ерөнхийлөгч идэвхгүй, улс төрийн аливаа хямралын үед итгэлтэй, зоримог ажиллаж, шийдэмгий арга хэмжээ авахаас зайлсхийж болзошгүй, мөн улс төрийн бүх эрх мэдэл нэг улс төрийн хүчний гарт төвлөрөх, хариуцлага, хяналт сулрах эрсдэлтэйгээс гадна улс төрчид давамгайлсан бүрэлдэхүүнээс сонгогдсон Ерөнхийлөгч иргэдийн нийтлэг эрх ашгаас илүүтэйгээр улс төрийн нам, бүлэг фракцийн ашиг сонирхлыг илүү харгалзсан сонголт хийх магадлалтай гэж няцаадаг.
 
Хэлэлцэгдэж байгаа сэдвийн хоёрдугаар асуудлын хүрээнд Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргах эрхийг хасах талаар яригдаж байна. Дээр дурдсан Ерөнхийлөгчийн эрхийг хассанаар Ерөнхий сайд Засгийн газрыг дангаар удирдаж, хариуцлага хүлээдэг тогтолцоо бий болж парламентын засаглалтай орнуудын нийтлэг жишигт дөхөж очино, хууль санаачлахтай холбоотой эрх мэдлийн давхцал арилах зэрэг сайн талтай гэж судлаачид үзжээ.
 
Харин зарим судлаачид Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд, Засгийн газарт илүү хамааралтай байдгийн хувьд  шаардлагатай гэж үзвэл зарим асуудлаар Засгийн газарт чиглэл өгдөг байх нь буруу биш. Ерөнхийлөгч Засгийн газрын хямралын үед, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийнхаа хувьд ч хууль санаачлах боломжгүй байх зэрэг нь сул тал болж болзошгүй гэж болгоомжилдог. Та бүхэн дээрх асуудлууд дээр мэргэн ухаанаа уралдуулан, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна" гэв.
 
Уг танилцуулгатай холбогдуулж оролцогчид хэсэгчилсэн хэлэлцүүлэг хийсэн. Үүний дараа буюу одоо явуулж буй нэгдсэн хуралдаанд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуултаа тавьж байна. Оролцогчдын зүгээс, "Ерөнхийлөгчийн засаглал руу манай улс шилжих бололцоо бий юу. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг яагаад нэг жил явуулж болдоггүй юм бэ, ард түмнээс сонгодог байсныг УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох нь хэр зөв бэ, Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоход улстөрийн хүчнүүдийн нөлөөнд автахгүй ажиллана гэсэн баталгаа байна уу, Ерөнхийлөгчийг намын харьяалалгүй сонгож болох уу, Ерөнхийлөгчийг 6 жилээр сонгоно гэдэг ямар үндэслэлтэй гарсан бэ. Одоогийн түвшинд УИХ-ын бүрэн эрх 4 жил. Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа 6 жил болвол 2 жилийн зөрүү гарах нь" гэх зэрэг асуултыг оролцогчид бэлдэж иржээ.
 
Эдгээр асуултад судлаачид, "Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар манай улс Ерөнхийлөгчийн тогтолцоонд шилжих бололцоогүй. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог байсныг УИХ-ын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болохоор оруулж ирсэн нь манай улс парламентын тогтолцооноос ухарч байгаа гэсэн үг биш. Өнөөгийн жишигт манай улс Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр нь хоёр өөр намаас сонгогдоод байна. Тэгэхээр нэг намын мөрийн хөтөлбөрийг хоёул хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа юм. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг жилд явуулж болохгүй гэх газаргүй. Ерөнхийлөгчийг намын харьяалалгүй сонгох боломжгүй. Нам оролцохгүй нэр дэвшүүлнэ гэвэл зохион байгуулалтын хувьд хүндрэл үүснэ. Намгүйгээр нэр дэвшүүлнэ гэвэл олон хүн нэр дэвшүүлж үүнийг нь хэрхэн зохион байгуулах вэ гэсэн асуудал босч ирнэ. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа дөрөв юм уу зургаан жил байна гэсэн хатуу заалт байхгүй. Улстөржилт их байна, байн байн сонгууль болж байна гэх үүднээс Ерөнхийлөгчийн сонгуульт хугацааг 6 жил гэж тооцож оруулж ирсэн байж болох талтай" гэсэн тайлбарыг хийж байв.
Б.Туул
Холбоотой мэдээ