Мотоциклоор такси үйлчилгээ үзүүлдэг иргэд аймгийн Засаг даргатай уулзав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-04-28 16:00:26
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд мотоциклиор такси үйлчилгээ үзүүлдэг 30 гаруй иргэд аймгийн Засаг даргатай уулзаж, тулгамдсан асуудлаа ярьцгаалаа. Энэ үеэр аймгийн ЦГ, АТТөв, МХГ зэрэг байгууллагуудын дарга нар ирж оролцсон. Тэд Засаг даргатай уулзах үеэрээ мотоцикльтойгоо зогсох зогсоол талбай байхгүй, хөөгддөг зэрэг олон бэрхшээл байдаг гээд нэгдсэн зохион байгуулалтанд оруулж өгөөч гэдэг саналуудыг хэлж байлаа.

Аймгийн Засаг даргын хувьд “Мотоциклийн такси” гэдэг үйлчилгээ ямар ч хуулинд байхгүй ч гэлээ тэднийг аль болох дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Тэрээр авто тээврийн төв болон хуулийн хүмүүстэй уулзаж хоршоо, нөхөрлөлийн алинаар нь ААН үүсгэж болохоор байна, үүнийгээ судлаад, ААН-ээ байгуулаад, өөрсдөө гишүүдээрээ элсэж, таних тэмдэг дугаартай болох асуудлаа ярьж, нэгдсэн зохион байгуулалтанд орохыг зөвлөлөө. Аймаг орон нутгийн зүгээс зогсоол талбайг зохицуулж өгөхөөр болсон юм.

Гол нь мотоциклоор такси үйлчилгээ үзүүлэхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, өөртөө болон зорчигчид малгай өмсүүлж хэвших, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, жолоочийн үнэмлэх болон мотоциклийн дугааргүй хүмүүс даруй авах зэрэг өөрсдөөсөө шалтгаалах зүйлүүддээ хариуцлагатай байхыг анхаарууллаа.  
 
Б.Гэрэлт-Од 
Холбоотой мэдээ