Ш.Абэ, В.Путин нар Пхеньянд шахалт үзүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-28 09:19:12
ТОКИО. /Kyodo/. Цаашид өдөөн хатгасан үйлдэл хийхгүй байхыг бид Умард Солонгосоос хамтдаа шаардахаар тохиролцсон гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдлээ.

Япон болон ОХУ-ын удирдагчид өчигдөр Москва хотноо хэлэлцээ хийснийхээ дараа хамтран хэвлэлийн бага хурал хийсэн байна.

Ш.Абэ хэлэхдээ “ОХУ бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улсуудын нэг бөгөөд Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талын хэлэлцээний чухал гишүүн” гэв.

Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг бүрэн дагаж мөрдөж, дахин өдөөн хатгасан үйлдэл хийхгүй байхыг Пхеньянаас хамтран шаардахаар бид тохиролцсон гэж Ш.Абэ хэллээ. Мөн хоёр улсын удирдагчид энхийн гэрээг эцэслэн байгуулах ажлыг хурдасгахаар тохиролцсон байна.

Хабомай, Шикотан, Кунашири болон Эторофү гэсэн дөрвөн аралтай холбоотой газар нутгийн маргааны улмаас Япон болон Орос улс нь дэлхийн II дайн дууссанаас хойш энхийн гэрээнд өнөө хэр нь гарын үсэг зураагүй байгаа юм.
 
Энэ дөрвөн арал нь Оросын эзэмшилд байдаг боловч Япон улс эдгээрийг улсынхаа “нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг бөгөөд дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн цэргүүд хууль бусаар эзлэн авсан" гэж үздэг.

Долдугаар сард Германд болох “Их-20” бүлгийн уулзалт болон есдүгээр сард Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн форумын үеэр Ш.Абэ, В.Путин нар уулзахаар тохиролцжээ.

Г.Доржханд



Холбоотой мэдээ