Сонин тогтоц, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-27 19:23:18
Сэлэнгэ аймаг/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг нь Монгол орны зүүн хойд хэсэгт Орхон, Сэлэнгийн савд 41.2 мянган км2 газар нутгийг эзлэн оршдог. 100 гаруй мянган хүн амтай, 17 сум, 6 тосгон, 56 багтай, аймгийн төв Сүхбаатар суманд 20 гаруй мянган хүн ам амьдарч байна. 
Сэлэнгэ аймагт өнөөдөр “Амарбаясгалант” хийд, Соронзон хад, Хувьсгалын өлгий Алтанбулаг, “Сайханы хөтөл”, Ерөөгийн халуун рашаан, Монгол орны цорын ганц “Тужийн нарс”, монгол түмний шүтээн “Ээж мод”, Их эзэн Чингис хааны буудаллаж явсан “Буур хээр”-ийн тал, “Оргидог булаг” зэрэг үзэсгэлэн төгөлдөр байгалийн үзмэрүүд оршин байдаг. Эдгээр 7 гайхамшигаараа Сэлэнгэ нутаг дэлхийд алдартай юм.
 
Амарбаясгалант хийд

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт орших Бүрэнхаан уулын өвөрт Ивэн голын эхэнд байдаг. Энэхүү хийдийг Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авьяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан босгосон гэдэг. Улмаар 1725 онд Манжийн эзэн хаан Энх-Амгалан зарлиг буулган, улсын сангаас 10 түмэн лан мөнгө гаргаж барьсан түүхтэй. 1726 онд Монголын олон уран дархчуул барилгын ажлыг эхлүүлж тоосго, модоор барьж 1737 онд дуусгажээ.
Соронзон хад

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших дэлхийд ховорхон тогтоцтой хад байдаг нь “Соронзон” хад юм. Уг хадыг эрт үеэс шүтэн биширч ирсэн төдийгүй уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн байна. Нутгийн ардууд соронзон хаданд очиж үе мөч, гар, хөл, нуруу, бөөрний өвчнөө засдаг гэнэ. Мөн цус харвасан хүн ч энэ хандаас эмчилгээ, засал авдаг ажээ.
Хувьсгалын өлгий Алтанбулаг

Ардын хувьсгалын ялалтын өлгий нутаг Алтанбулаг сум. 1921 оны 3-р сарын 18-ны үүрээр Ардын журамт цэрэг Алтанбулаг хотыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн гавьяа болон үлдсэн түүхтэй. Тус суманд хувьсгалын музей, манай улсын анхны бага сургууль, анхны банкны болон Шүүхийн байшин, 4 пульмётоо зөөж байсан дөрвөлжин сүм, Ардын журамт цэргийн анхны байшин зэрэг түүх, дурсгалын газрууд бий.
Халуун рашаан

Сэлэнгэ аймгийн нутагт Ерөө сумын Хэнтийн ууланд Ерөө голын савд далайн түвшнээс дээш 1150 м-ийн өндөр оршдог халуун рашаан байдаг. Энэ рашаан нь карбонат, сульфат натрийн найрлагатай 42 градусын халуун бөгөөд үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаадаг байна. Тус рашаан том жижиг гурван худагтай. Том нь хамгийн халуун юм. Чулуунуудыг чулуугаар хөвөөлж хүн ороход эвтэйхэн байдлаар янзалсан байдаг.





Тужийн нарс

Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь 65548.56 га талбайг хамарсан Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумдын нутагт байдаг. Зах зээлийн эхний үеийн шуурганд галын түймрийн аюул, ашиг хонжоо хайгчдын гарт өртөж нэлээд сүйдсэн юм. Гэвч сүүлийн жилүүдэд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 40-50 хувь нь байгалийнхаа аясаар сэргэн ургажээ. Тужийн нарс нь байгалийн зүй тогтлын хувьд өвөрмөц бөгөөд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог аж. Ардын хувьсгалын ялалтыг авчирсан, журамт цэргийн нуугдаж явсан нэгэн түүх энэ нарстай холбоотой юм.

Ээж мод

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших хүн дүрст модыг “Ээж мод” хэмээн нэрлэдэг. Улаанбаатар хотоос 310 км зайд оршдог. Ээж модонд “Хувьсгалын долоо” гэгдэх хүмүүс очиж мөргөөд цаашаа Улаан Оросоос тусламж авахаар явж байсан гэсэн аман яриа байдаг билээ.

Сайханы хөтөл

Монгол Улсын хилийн бүсэд байрладаг “Сайханы хөтөл” хэмээх үзэсгэлэн төгөлдөр газар нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас баруун зүгт 10 гаруй км зайд оршдог. Энэ хөтлөөр анх оросын улаан армийн цэргүүд монголд туслахаар ирсэн бөгөөд Сүхбаатар тосон авч байсан түүхтэй. Сайхны хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй ч бий.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ