Архангай аймагт 30-аад жилийн дараа тариаланчдын уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-27 15:21:20
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт тариаланчдын зөвлөлдөх уулзалт өнөөдөр болж,19 сумын Засаг дарга, МЭҮТ-ийн газар тариалан хариуцсан мэргэжилтэнгүүд, тариаланчид, ногоочид, жимсчид гээд 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Аймгийн тариаланчдыг оролцуулсан ийм сургалт, уулзалт сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд болж байгаагүйг тариаланчид хэлж байна. Тэд өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар газар тариалан, хөдөө аж ахуйд хэрэглэгдэх болсон сүүлийн техник, тоног төхөөрөмж, үр тарианы таримлын тариалалтын агротехнологи, арга зүй, төмс хүнсний ногооны болон хамгаалалттай хөрсний тариалалтын заавар зөвлөмж, 2017 оны цаг агаарын төлөв байдал, цаашдын чиг хандлагын тухай гээд олон шинэ мэдээллүүд сонслоо.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд газар тариалан, төмс хүнсний ногоо гээд байнга ашигладаг 22,000 га талбай байна. Тариаланч, ногоочдын зүгээс цаашид талбайн хэмжээг томсгох гэхээсээ илүү чанартай, өндөр үр ашигтай сортын үрүүд, мөн хадгалж хамгаалах томоохон хэмжээний нэгдсэн зоорь савтай болох, газар тариалангийн салбарт байгаа залуучуудаа дэмжиж ажиллах нь чухал байгааг уулзалтын үеэр хэлж, санал бодлоо илэрхийлж байсан юм. 

Б.Гэрэлт-Од

 
Холбоотой мэдээ