“Ган үзэг -2015” хүүхдийн найргийн наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт хүүхдийн авьяас сонирхлыг хөгжүүлэх,дэмжих зорилтыг хэрэгжүүлж “Ган үзэг-2015” яруу найргийн наадам боллоо. Хүүхдийн яруу найргийн наадмыг ДЗОУБ-ын Ховд аймаг дахь Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр,аймгийн Нийтийн номын сан хамтран зохион байгуулжээ.
Авьяас хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон хүүхдийн яруу найргийн наадамд бага,дунд,ахлах ангиуд, насанд хүрэгч гэсэн ангилалаар явагдлаа.
ДЗОУБ-ын Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Э.Төмөрбаатар” Наадамд оролцож буй бүх хүүхдүүдэд баяр хүргэж,телевизийн дэлгэц,ухаалаг утас,компьютер гэхээс илүү номтой нөхөрлөж,ном уншиж байхыг” хүслээ.
Сум бүрээс 100 гаруй хүүхэд нэгэн дор цуглаж,хүүхэд насны гэгээн цайлган сэтгэлээр багшаа,аав, ээжийгээ,нутаг усаа,найз нөхдөө,налгар намрын өнгийг шүлгээр илэрхийллээ.
ЕБС-ийн 4,5,6 дугаар ангийхан дундаас Манхан сумын сургуулийн сурагч Гэрэлцолмон тэргүүлж,Алтай сумын сурагч Анхзул,Жаргалант сумын 1 дүгээр сургуулийн Мөнхгэрэл удааллаа.
7,8,9 дүгээр ангийнхнаас Цаст алтай сургуулийн Ц.Ариунэрдэнэ тэргүүлж,3 дугаар сургуулийн Байгальмаа,Буянт сумын Аринэрдэнэ нар удааллаа.
10,11,12 дугаар ангийнхаас Алтай сумын сурагч Батболд тэргүүлж,Манхан сумын Батболд,Зэрэг сумын Буянбат нар удааллаа.
Харин насанд хүрэгчдийн шүлгийн уралдаанд Политехник коллежийн оюутан Сувдэрдэнэ түрүүлж,Буянт сумын сургуулийн багш Ариунгэрэл,Түвшинсайхан нар удаалав.
Ган үзгийн наадамд түрүүлсэн сурагчдад “Ган үзэг 2015” тэмдэг,өргөмжлөл гардуулж,тусгай байр,тэргүүн байранд орсон бүх хүүхдүүдэд ДЗОБ-ын Ховд ОНХХ гарын бэлэг гардууллаа.
Аймгийн Нийтийн номын сангийн захирал Эрдэнэтуяа “ Наадамд оролцсон хүүхдүүдийн шүлгийг цахим сайт,фэсбүүкт байрлуулж,хамгийн олон санал авч дэмжигдсэн хүүхдүүдээ оны шилдгээр шалгаруулна гэлээ.
Жил бүр уламжлал болон явагддаг хүүхдийн найргийн наадмыг Аймгийн нийтийн номын сангийн хамт олон наадамд оролцсон хүүхдийн шүлгүүдээр ном гаргаж,багш,сурагч,эцэг эхийн оролцоог эрхэмлэдэг байна.
А.Бямбасүрэн