Солонгосын Ардын арми байгуулагдсаны 85 жилийн ой тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-25 09:37:51
ПХЕНЬЯН./NHK/. Солонгосын Ардын арми байгуулагдсаны 85 жилийн ойг умард солонгосчууд өнөөдөр тэмдэглэж байна. Энэ баярыг тохиолдуулан Пхеньян ээлжит цөмийн туршилтаа хийж, баллистик пуужин хөөргөн туршиж болзошгүй гэж улс орнууд түгшиж байна.

1932 онд Умард Солонгосын удирдагч агсан Ким Ир Сен Хятадын зүүн хойд хэсэгт Японы эсрэг цэргийн хүчийг байгуулсан өдөр буюу Солонгосын Ардын арми байгуулагдсан өдрийг умард солонгосчууд жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-нд тэмдэглэдэг.

Өчигдөр Пхеньян хотод болсон армийн зөвлөгөөний үеэр Умард Солонгосын Ардын зэвсэгт хүчний сайд Пак Сон Сик АНУ руу шууд чиглэсэн агуулгатай үг хэлжээ.

Тэрбээр хэлэхдээ “АНУ болон түүнийг дагагчдад цохилт өгөхийн тулд маш ончтой, орчин үеийн зэвсгүүдийг бид байрлуулаад байна” гэжээ.

“USS Carl Vinson” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц тэргүүтэй тэнгисийн цэргийн хүчний цохилтын бүлгээ АНУ Солонгосын хойг руу илгээснийг Пхеньян шүүмжилсээр байгаа юм.

Өчигдөр Умард Солонгос “өдөөн хатгасан дайснуудад хайр найргүй цохилт өгөх болно” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн онд Умард Солонгос тэмдэглэлт ойн баяруудыг тохиолдуулахн цөмийн туршилт хийж, пуужин харваж байсан юм. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 15-нд Ким Ир Сений мэндэлсэн өдрөөр дунд зайн тусгалтай “Мусудан” баллистик пуужин хөөргөж туршиж байсан бол есдүгээр сарын 9-нд БНАСАУ үүсэн байгуулагдсан өдрөөр тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэн билээ.
 
Г.Доржханд
 




Холбоотой мэдээ